ЕС-ын хуралдааны ирц 100 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

ЕС-ын хуралдааны ирц 100 хувьтай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 100 хувьтай байна. Учир нь чуулганы хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос Х.Баттулга гишүүн ирээгүй байсан бол одоо оролцож буй юм.

Улс орны хөгжлийн бодлоготой холбогдох чухал хуулийг хэлэлцэх болоход гишүүдийн ирц бүрддэггүй байсан бол энэ удаагийн хуралдаан хамгийн өндөр ирцтэйгээр үргэлжилж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболд “Эдийн засаг уруудахад дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн уналт нөлөөсөн зүйл байгаа ч эрх зүйн болоод бодлогын алдаа гарснаас хөрөнгө оруулалт унаад ийм нөхцөл рүү орсон, ард иргэдийнхээ итгэлийг алдсан, өмнөхөө үгүйсгэсэн бодлогоос болсон гэдгийг эрх баригч хүчин дүгнэж чадахгүй байна.

Намайг Ерөнхий сайд байхад УИХ-ын гишүүн Н.Батбаяр өөрийнхөө бланкан дээр огцруулах бичиг дараад УИХ-д оруулж ирж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой гэдэг асуудлыг тавьсан. Тэр үед бид зөв зүйтэй асуудал ярьж байна гээд хүлээж авч байсан. Бид Оюутолгойгоос Монголын хүртэх ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч нартай ярьж байсан. Гэтэл одоо сөрөг хүчнээ харлуулах юм ярьж байгаа нь буруу. Өмнөх гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаад явах ёстой” гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын 57 гишүүн асуулт асуухаар кноп дарснаас одоогоор 20 гаруй нь асуулт асууж, саналаа хэлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж