Хиллари Клинтон Сирид байлдахын эсрэг

2016 оны 1 сарын 29

Ирак, Сирид Америкийн цэргийн хуурай замын ажиллагааг явуулахыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон эрс эсэргүүцжээ. Тийм ажиллагаа явуулахаар Пентагон төлөвлөж байгаа тухай Батлан хамгаалахын сайд Эштон Картер өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

 

 

Ерөнхийлөгчийн сонгууль шуудрах замдаа орж, нэр дэвшигчид сонгогчдын саналын төлөө ширүүн өрсөлдөж байгаа юм. Тийм ч учраас шинэ сонгогчдыг татах Ардчилсан намын чухал сонголт Айова мужид явагдахын өмнө Клинтон хуурай замын цэргийн ажиллагааны эсрэг мэдэгдлээ хийлээ. Клинтон өөрийн твиттердээ “Сири, Иракийн нутаг дэвсгэрт Америкийн цэргүүдийг оруулахыг эрс эсэргүүцнэ” гэж бичсэн байв. Цагаан ордны төлөвлөгөөнд эсэргүүцэлтэй хандсан нэр дэвшигчийн анхны мэдэгдэл нь энэ болов.

 

Өнгөрсөн долоо хоногийн Америкийн Батлан хамгаалахын сайдын мэдэгдэлд, “Исламын улсын” дайчдын эсрэг Иракт хуурай замын цэргийн ажиллагааг 101-р агаарын десантын дивизийн хүчээр явуулахаар төлөвлөсөн мөн Сирид ч хэсэгчилсэн ажиллагаа хийнэ гэсэн юм. Америкийн цэргийнхэн террористуудын нийслэл гэж зарласан Сирийн Эр-Рамади, Иракийн Мосул гэсэн хоёр том хотыг чөлөөлөх гол үүргийг гүйцэтгэнэ гэж сайд хэлсэн юм. “Тэднийг илгээх нь Америкийн ард түмний бүрэн дэмжлэгтэй. Манай цэргийнхэн тэр балмад байгууллагыг бут ниргэх нарийн төлөвлөгөөтэй” гэж сайд Politico сэтгүүлд хэлсэн байна. АНУ-ын хуурай замын цэргийн төв командлал, алдартай дивизийн дарга нартай нарийвчилсан төлөвлөгөөг ярилцсанаа ч сайд дуулгасан юм.

 

Ер нь олон жил дайн хийсэн АНУ-ын хүн ам энэ төлөвлөгөөг төдийлөн дэмжихгүй байгаа. Үүн дээр нь тоглон шинэ сонгогчдыг татах оролдлогыг Хиллари хийж байгаа гэлтэй. Долоо хоногийн дараа Айова мужид Ардчилсан намын төлөөлөгч анхан шатны кокус гэх сонгууль явуулан хэнийг ерөнхийлөгчөөр сонгохоо урьдчилан харах юм. Кокус гэдэг нь манайхаар бол намын үүрийн хуралдаан ажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хиллари Клинтон хэдийгээр цэргийг бөөнөөр нь илгээхийн эсрэг байгаа ч тусгай ангийнхныг Ирак явуулахын төлөө байгаагаа илэрхийлж байжээ. “Бид хүчин чармайлтаа эрчимтэй, цар хүрээтэй болгох шаардлагатай байна” гэж Хиллари тэр үед хэлж байв. Олон улсын шинжээчдийн зөвлөл дээр үүнийг ярьж байхдаа Клинтон үгийн сонголтод ихээхэн анхаарч “агаарт, хуурай газарт чармайлтаа эрчимжүүлэх ёстой” гэж тодотгож байсан юм.

 

Зүүний ардчилагч Берни Сандерсийн хамт Хиллари Клинтон сонгуульд нэр дэвших гол хүмүүс болоод байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгаар Хиллари түрүүлж яваа ч зөрүү нь багасаж байгаа. Саяхан CNN/ORC хоёрын хамтран явуулсан сурталчилгаагаар Клинтоны чансаа 52 хувьтай, Сандерс 14 хувиар түүнээс хоцорч 38 хувийн дэмжлэгтэй гарчээ. Клинтоны өрсөлдөгч Берни Сандерс өмнө нь Сири, Ирак дахь хуурай замын цэргийн ажиллагааг араб орнуудын цэргийнхэн явуулах ёстой гэж мэдэгдэж байлаа. “Тэд Америкийн цэргийнхэн, Америкийн татвар төлөгчид тэдний өмнөөс ажлыг нь хийхийг хүлээлгүйгээр хөдлөх ёстой” гэж Сандерс хэлсэн байдаг.

 

Харин Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп Сирид исламчуудыг агаараас л бөмбөгдөх хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. “Энэ зулбадасуудыг би бол бөмбөгдөөд л байх байсан” гэж Трамп Парисын террор болохоос өмнө хэлж байлаа. Харин Клинтоны сүүлчийн мэдэгдэл нь чимээгүйгээр америкчуудыг татах оролдлого бөгөөд өмнө нь 2003 онд Иракийн дайныг дэмжсэнээ сонгогчдын тархинаас угаах гэсэн хэрэг байж болох юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна