Хулгайч “Хулгайчийг бариарай” гэв үү?

2016 оны 1 сарын 29

Албан тушаалаа урвуулан ашиглаж бусадтай нийлж мөнгө угаасан хэргээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан хориод хоёр сар өнгөрч буй бөгөөд түүний хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Г.Шийлэгдамбын авлигын хэрэг, ирвэс хамгаалагчийн “учир битүүлэг” үхэл, Херогийнхны алдагдсан бичлэг, цэцийн хэрүүл, ипотекийн зээлийн улстөржилт, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал гээд ар араасаа цуварсан шуугиан дунд Төмөр замын дуулиант хэрэг олон нийтийн анхаарлаас холдож байна. Үйл явдал ингэж давхцсан ч байж магадгүй, эс бөгөөс хэн нэгэн үйл явдлыг ингэж давхцуулсан ч байж болно. Юутай ч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллах байсан гэх Ч.Ганбат Америкаас “Юун гуя” гэж орилсон биш ёстой л “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэгтэй агаар нэгэн болж, анхаарлаас холдсон төмөр замын асуудал ахиад л олон нийтийн “хэлэлцүүлэгт” орж ирлээ.

Угтаа бол хэн нэгний тооцсоноор Ч.Ганбатын захианд монголчууд уярах ёстой, “Б.Батзаяа болон түүний багийг улстөржүүлчихсэн юм байна ш тээ” гэх өнцгөөр олон нийтэд ойлгогдох учиртай байж л дээ.

Үйл явдлыг эргэн сөхвөл, УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хийсэн Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Баруун урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн дагуу төмөр замын суурь бүтэц барих трасс тогтоох, түүнчлэн цаашид тухайн төслийн барилгын ажлыг гүйцэтгэл эхлэх хүртэл шаардлагатай бүх ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэх Ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийн ахлагчаар нь тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга залуухан зөвлөх Ч.Ганбатыгаа томилжээ.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сонирхуулбал,

  1. Ажлын хэсгийн ахлагч Ч.Ганбат /Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, Хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга

  2. Нарийн бичгийн даргаТ.Цолмонсүрэн / Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга/

Гишүүд

  1. О.Доржсугар ЗТБХБ-ын сайдын зөвлөх

  2. Х.Мөнгөнтуяа ЗТБХБ-ын яамны Зам тээврийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн

  3. Г.Сэрээнэндорж УБТЗ-ын Ерөнхий инженер

  4. Г.Вандандагва УБТЗ-ын Техникийн бодлогын төвийн орлогч

  5. Д.Мандахбаяр Төмөр замын газрын Техникийн бодлогын хэлтсийн дарга

  6. П.Болдбаатар Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газрын хэлтсийн дарга

  7. Д.Энхбат Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга

  8. Ц.Сосорбарам Усны газрын орлогч

  9. Б.Баатар “МТЗ”-ын вагоны мэргэжилтэн.

Үүнээс сарын дараа сайд асан дахин нэг тушаал гаргаж Төмөр замын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, холбогдсон асуудлыг шуурхай удирдлагаар хангах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхийг томилсон байдаг. Энэ ажлын хэсэгт Ч.Ганбат бас багтсан байна. Үүнээс сарын дараа “МТЗ”-ын ТУЗ хуралдаж, төмөр замын суурь бүтэц барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “McKinsey& Company”-ийг сонгосон баримт бий.

Монголын төмөр зам болон “McKinsey& Company”-ийн хооронд байгуулсан гэрээний 1.5.1-д “зөвлөхүүд” гэж МакКинсэй, Пиллсбури, Би ЭнПи Парибас болон Либертари Партнерс компанийг хэлнэ гэж зааж өгчээ.

Ингээд Ч.Ганбат Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Баруун урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн дагуу төмөр замын суурь бүтэц барих трасс тогтоох, түүнчлэн цаашид тухайн төслийг барилгын ажлыг гүйцэтгэл эхлэх хүртэл шаардлагатай бүх ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэх Ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийн ахлагчаар, түүний компани Либертари Партнерс нь зөвлөхөөр ажиллаж, түүний захидалд дурдсанаар энэ мөчлөгөөс нэг жилийн дараа тэрбээр АНУ-ын иргэншилтэй болсныг санаадгүй “аз” гэж хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, Ч.Ганбат өөрөө захиалагчаар, өөрийнх нь компани нь гүйцэтгэгчээр ажиллах цаг хугацаатай давхцан тэрбээр АНУ-ын иргэншилтэй болж.

Захидалдаа “2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ЗТБХБЯ-тай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд бид яаманд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байхаар, шаардлагатай тохиолдолд зарим зөвлөх үйлчилгээг гадаадын зөвлөхтэй хамтран төлбөртэй гүйцэтгэх нөхцөлтэй байсан болно. Бид голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажилласан” гэжээ. Үнэхээр түүний захианд дурдсанаар эх орныхоо төлөө өөрийн мэдлэгээ үнэ төлбөргүй зарцуулсан эсэхийг доорх хүснэгтээс харъя.

Нэр

Зөвлөх үйлчилгээний төлбөр татвартай /ам.доллараар/

Зөвлөх үйлчилгээний төлбөр татваргүй

Суутгасан /Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн/

Үүнээс авах НӨАТ

МакКинсэй

4.000.000.00

3.200.000.00

800.000.00

400.000.00

Либертари Партнерс

800.000.00

800.000.00

 

 

Пиллсбури

750.000.00

600.000.00

150.000.00

75.000.00

Би ЭнПи Парибас

100.000.00

80.000.00

20.000.00

10.000.00

Нийт дүн

5.650.000.00

4.680.000.00

970.000.00

485.000.00

 

 

 

 

 

Эндээс харахад ЗТБХБ-ын сайд асны зөвлөхийн компани Монгол Улсын хуулийн дагуу НӨАТ-аа ч төлөөгүй байх юм.

Харин эдгээр зөвлөхүүдийн зөвлөсөн ажлыг техник технологи зөрчиж, зураг төсөвгүй гүйцэтгэсэн хөрс хуулалт, зөвлөх үйлчилгээ, трасс тогтоолт, үнэлгээ хэмжилтийн ажлуудын үр дүнг шинээр баригдах төмөр замын зураг төсөлд ашиглах боломжгүй гэж “Төмөр замын газар” болон Засгийн газрын 2012 оны 161 дүгээр тогтоолоор концесс авсан “Дорнын төмөр зам”, “Энержи ресурс рэйл” болон Оросын “Дэд бүтцийн хөгжил” компаниуд үзсэн байна.

Тэрбээр “ХААН” банкнаас өндөр хүүтэй авсан зээлийг “МТЗ”-ын дансанд оруулалгүй бэлнээр нь 800 мянган ам.долларыг  авсан баримт цагдаагийнханд байгаа аж.

Ч.Ганбатын захидалдаа дурдсанчлан Монгол Улсад үнэн ялж, шударга ёс тогтох сайн цаг хэзээ нэгэн өдөр ирэх нь дамжиггүй биз. Хулгайч баригдаад ирэнгүүтээ “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг юм гэнэ лээ шүү.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна