“Ачтан”- ны эмчийг буруутайд тооцсон ч өршөөжээ

2016 оны 1 сарын 29

Одоогоос жил гаруйн өмнө “Ачтан” эмнэлэгт хагалгаанд ороод эрүүл мэндээрээ ноцтой хохирсон гэх иргэн О.Түмэндэмбэрэл манай сайтад хандаж байсан юм. Хохирогч О.Түмэндэмбэрэл 2013 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Ачтан” эмнэлэгт дурангаар цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд орсон байдаг. Хагалгааг тус эмнэлгийн их эмч Б.Төмөрбаатар нарын баг хийхдээ цөсний ерөнхий сувгийг гэмтээснээс цөсний шалтгаант гялтангийн үрэвсэл үүсч хохирогч нийтдээ дөрвөн удаагийн хүнд хагалгаанд орсон байна. Хэдийгээр хохирогчийн амь нас аврагдсан ч олон удаагийн хагалгааны улмаас байнгын асаргаанд байх болжээ. Тиймээс уг асуудлыг шалгуулж, хохирлоо барагдуулахаар хууль хяналтын байгууллагад хандаад байсан юм. Хохирогчийн гомдлоор цагдаагийн байгууллага шалгаж “Ачтан” эмнэлгийн их эмч Б.Төмөрбаатарт эрүүгийн хуулийн 106.2 т зааснаар Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгажээ. Тэгвэл уг хэргийг саяхан Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүхээс их эмч Б.Төмөрбаатарыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ. Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хохирогч О.Түмэндэмбэрэл Улаанбаатар сонгдо эмнэлэгт хоёр удаа, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт мөн хоёр удаа хүнд хагалгаанд орсны зардал болох 119 сая төгрөг нэхэмжилжээ. Харин шүүхээс хоол хүнс, орон сууцны түрээс зэргийг хасч, 104 сая төгрөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулахаар шийдвэрлэсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр “Ачтан” эмнэлгийн удирдлагууд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар бэлдэж байгаа гэнэ.

Манай сайт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард уг асуудлын мөрөөр сурвалжлага бэлтгэхээр “Ачтан” эмнэлэгт очиход тус эмнэлгийн дэд захирал З.Балдандугар “Асуудал тодорхой болж, дүгнэлт гарсны дараа байр сууриа илэрхийлнэ. Бид процедурын асуудлыг судалж байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг хэвлэл мэдээллээр өдөөж, хэтэрхий дайрч байна. Энэ салбарт ажиллаж байгаа олон мянган хүнийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ гэдгийг бас бодох ёстой. Ямар нэгэн алдаа юмуу доголдол гарч болно. Тэр нь хэдэд нэг байдаг вэ гэдгийг бодох л ёстой. Бид хариуцлагаас зугтаагүй” гэх тайлбар хэлж байсан юм. Харин одоо шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандахаар зэхэж байгаа сурагтай. Түүгээр ч барахгүй гэм буруутай нь тогтоогдсон Б.Төмөрбаатар эмч өнөөдрийг хүртэл “Ачтан” эмнэлэгтээ ажилласаар байгаа юм байна.

Ийнхүү мөрдөн байцаалт, шинжээч нарын дүгнэлт, гэрч, хохирогч, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн эмч нарын мэдүүлгээр гэм буруутай нь тогтоогдсон “Ачтан” эмнэлгийн эмч Б.Төмөрбаатар өршөөгдөж, бодит хохирлыг төлөх үүрэгтэй “Ачтан” эмнэлгийн удирдлагууд хариуцлагаас зугтсаар байна. Энэ талаар бид эргэн мэдээлнэ.

Иргэн О.Түмэндэмбэрэлийн ярилцлагыг ЭНД-ээс уншина уу.

С.ОТГОН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна