Дорноговьд Симба хамтлаг байдаг уу?

2016 оны 1 сарын 29

“Маск” продакшны “Дорноговь симба” жүжгийг үзээгүй, мэдэхгүй хүн ховор болов уу. Жүжиг гарснаас хойш “Үнэхээр Дорноговьд Симба гэж хамтлаг байдаг юм уу” хэмээн асуух хүн ч цөөнгүй бий. Тэгвэл “Дорноговь симба” гэж хамтлаг Дорноговь аймагт байдаг. Түүгээр ч барахгүй бид “Хадамд гарсан бүсгүй” дуугаар нь сайн мэдэх билээ. Ингээд “Дорноговь симба” хамтлагийн гишүүдтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тэднийг “Хадамд гарсан бүсгүй” шинэ цомгийн ажилтай байх үеэр бид очиж ярилцсан юм.

-Анхны цомгоо гаргах гээд тун завгүй яваа юм байна. Цомгийн ажил амжилттай юу. Хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Лхамжав: “Хадамд гарсан бүсгүй” анхны цомгийн ажилдаа ороод байна. Цомогт маань “Хадамд гарсан бүсгүй”, “Тэр бүсгүй”, “Миний амьдралын бэлэг”, “Миний майгахан Думаа” зэрэг 10 дуу багтаж байгаа. Одоогоор цомгийн ажил 80-90 хувьтай үргэлжилж байна. Цагаан сарын дараа хэвлэлтэд явуулахаар төлөвлөсөн.

-“Дорноговь симба” хамтлаг гэж үнэхээр Дорноговьд байдаг юм уу гэх асуулттай олон таарч байлаа. Үнэхээр Дорноговьд ийм хамтлаг байдаг юм байна. Уран бүтээлээ туурвиад хэдэн жил болж байна вэ. Хэзээ хамтлаг байгуулагдаж байв?

-Лхамжав: Хамтлаг маань хоёр хүний бүрэлдэхүүнтэй. Эхлээд гишүүдээ танилцуулсан дээр байх. Намайг Цэнджавын Лхамжав гэдэг. Миний хувьд 10 жилийн сургуульд байх үеэсээ “Яргуй” наадамд орж, дуулдаг байлаа. Багаасаа л дуу дуулсан. Гэхдээ мэргэжлийн дуулаачийн ангид хожуу орсон. 2010 онд СУИС-д ороод 2014 онд төгссөн. Одоо хамтлагийн уран бүтээлээс гадна бид хоёр хоёулаа Дорноговь аймгийнхаа “Саран хөхөө” театрт дуучнаар ажилладаг.

Ууганбаяр: Намайг Бямбасүрэнгийн Ууганбаяр гэдэг. Мөн “Саран хөхөө” театрт дуучнаар ажилладаг. Одоо уран бүтээлийнхээ хажуугаар СУИС-ийн Хөөмэйн ангид эчнээгээр суралцаж байна.

Лхамжав: Бид хоёрын хувьд хамтдаа дуулаад олон жил болж байна. Өмнө нь Лхамаа, Ууганаа гэж зарлуулаад л дуулдаг байсан. Нэлээн сүүлд “Дорноговь симба” гэж нэрлэсэн. “Хадамд гарсан бүсгүй” гэж дуу бол бид хоёрын анхны уран бүтээл. Дуугаа бичүүлчхээд, клипний ажилдаа орсон. Клипэндээ “Саран хөхөө” театрынхаа жүжигчдийг тоглуулсан л даа. Хамтлагийн нэрээ хошин шогоос санаа авч хийсэн юм чинь клипээ ч гэсэн хөгжилтэй хийвэл зүгээр гэж ярилцсан. Дараа нь “Миний амьдралын бэлэг” гээд хоёр дахь дууныхаа клипийг ч мөн хошин байдлаар хийсэн.

Ууганбаяр: Нэр өгөөд удаагүй байхад тайзны ард хөтлөгч нар нь “Хэн гэж зарлах вэ? Дорноговь симба гэх үү” гээд их асуудаг байсан. Эхэндээ санаа зовоод “За за зүгээр Ууганаа, Лхамаа гээд зарлачих” гэдэг байсан. Сүүлдээ ч сурчихсан л даа. Нэгэнт зориглоод өгсөн юм чинь гээд “Дорноговь симба” нэрээрээ л зарлуулдаг болсон. Удаа ч үгүй анхны уран бүтээл болох “Хадамд гарсан бүсгүй” дуу маань хүмүүст хүрч эхэлсэн. Одоо бол “Дорноговь симба” нэрэндээ хайртай.

-“Дорноговь симба” хамтлагийн анхны тоглолт хэзээ байв?

-Лхамжав: 2008 онд “Гэгээн нөхөрлөлийн дуу” гээд анхны тоглолтоо Дорноговь аймагтаа хийсэн. Дараа нь 2010 онд “Хадамд гарсан бүсгүй” тоглолт хийсэн. Одоо ажиллаж байгаа цомгоо дуусгачихвал Цагаан сарын дараа цомгийн баяраа хийх төлөвлөгөөтэй байна.

-Ууганбаяр: Бид хоёрын хувьд уран бүтээлийнхээ дийлэнх дууг нутгийнхаа зохиолчдоос авдаг гэдгээрээ онцлогтой. Мэдээж орон нутгаас төрсөн хамтлаг учраас нутгийнхаа зохиолчдын уран бүтээлийг ч гэсэн олонд хүргэхдээ баяртай байдаг.

-Танай хамтлагийн хувьд орон нутгаар аялан тоглолт хийж байсан. Орон нутгаар явахаар ийм асуулттай багагүй таардаг байх. Ямар аймгуудаар тоглолтоо хийж байв. Үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ууганбаяр: Архангай, Баянхонгор, Ховд, Хөвсгөл аймагт аялан тоглолт хийсэн. Нэг хэсэг нь “Нээрэн Симба хамтлаг байдаг юм байна. Үзлээ харлаа” гэж байсан. Нөгөө хэсэг нь дууг маань мэддэг дагаж дуулж байгаа нь сайхан санагдсан. Клипээ хөгжилтэй, хошин байдлаар хийсэн болохоор жаахан хүүхдүүд үзэх дуртай байдаг юм билээ.

-“Дорноговь симба” хамтлаг ер нь ямар стилиэр дуулдаг юм бэ. Нэг болохоор нийтийн, эсвэл эстрад ч юм шиг сонсогддог?

-Лхамжав: Ер нь эстрад чиглэлээр дуулдаг л даа. Гэхдээ ихэнх дуунууд маань нийтийн мэт сонсогддог болохоор андуурагддаг байх.

-Ер нь Дорноговь аймагт “Дорноговь симба” гэж хамтлаг байсан юм уу?

-Лхамжав: Миний мэдэхийн тийм хамтлаг байгаагүй.

-“Дорноговь симба” хамтлагийн анхны уран бүтээл олонд нэлээн хүрсэн. Түүнээс хойш хэсэг чимээгүй болчих шиг болсон?

-Лхамжав: Тийм. Бид хоёрын хувьд хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар Саран хөхөө театрт ажилладаг. “Хадамд гарсан бүсгүй” дуугаа хийсний дараа хамтлагийнхаа уран бүтээлийг хэсэг завсарлаж, тус тусын ажилдаа анхаарсан л даа. Тэгээд хоёр жилийн өмнөөс эргээд уран бүтээлдээ орсон.

-Танай хамтлагийн хувьд уран бүтээлээ олонд хүргэх тал дээр яаж анхаардаг вэ. Фм-үүдээр явж, зорьж цацалт хийлгэдэг үү. Орон нутгийн фм-ээс гадна нийслэлийн фм, радионуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Анх бол тэр тал дээр нэг их анхаардаггүй байсан. Дуугаа бичүүлээд аймгийнхаа фм-д өгөөд, юүтүб-д хийгээд орхидог байсан л даа. Мэдээж тоглолт, арга хэмжээнүүд дээр шинэ дуунуудаа олонд хүргэх байдлаар л явдаг байсан. Сүүлийн үед дуугаа хүнд хүргэх, менежменттэй ажиллах тал дээр анхаарах болсон.

-“Дорноговь симба” хамтлаг ойрын хугацаанд сонсогчиддоо ямар бэлэг барих төлөвлөгөөтэй байна. Ойрын болоод хэтийн зорилгынхоо талаар хуваалцаач?

-Юуны түрүүнд хамтлагийн маань дууг сонсдог, дэмждэг хүмүүст маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүй. Мэдээж чанартай, сайхан дуугаар сонсогчиддоо бэлэг барина гэдгээ хэлье.

Б.ЗОЛЗАЯА

 

"Дорноговь симба" хамтлагийн уран бүтээлүүдийг эндээс үзнэ үү.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна