Засаг тогтож үлдлээ

2016 оны 1 сарын 29

-Эмхлэн байгуулагдаад таван сар болж буй Шийдлийн Засгийн газарт дахиад таван сар ажиллах боломжийг нэгдүгээр сарын 29-ний 01 цагт УИХ-ын гишүүд олголоо-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ойрд үзэгдээгүй бүрэн ирцтэй, халуухан уур амьсгал дунд бүтэн зургаан цагийн турш үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын Байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжээгүй санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулсан. Тус намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэн гэдгийг танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдааныг эхэн үедээ УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдаж байсан бол үдшийн 21 цаг өнгөрөөгөөд УИХ-ын дарга З.Энхболд хүрэлцэн ирж, чуулганыг удирдсан. Ийн хоёр дарга ээлжлэн нэг удаагийн чуулганыг удирдсан тохиолдол ч олонгүй. УИХ-ын гишүүд бүтэн ам бүлээрээ бие биенээ харсан нь хэлэлцэх асуудал дэндүү чухал байсныг илтгэнэ.

УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын 57 гишүүн асуулт асуухаар кноп дарсан бөгөөд тэдний зарим нь асуулт гэхээсээ илүү санал дүгнэлт, захиа даалгавар хэлэх нь байлаа.

Түүнчлэн удтал сунжирсан УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон юм. Тэрбээр "Цаашдаа ийм асуудлыг хэрхэн шийдэж байх талаар санаагаа хэлье. Өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийнхийг хайдаг ажлаа зогсооё. 19 гишүүн түүнээс олон гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гаргаж болно. Гэхдээ дараагийн Ерөнхий сайдаа оруулж ирдэг байх хэрэгтэй. Үндсэн хуулийнхаа үндсэн зарчимд асуудлаа нийцүүлж ярья. Засгийн газрын, дэгийн хуулинд өөрчлөлтөө оруулья. Муу жишгийг сайнаар өөрчилье. Засгийн газартаа, Ерөнхий сайддаа хариуцлага тооцохдоо сайн жишгийг тогтооё..." гэсэн санааг дэвшүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зургаан цаг гаруй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжие гэдгээр санал хураалт явуулахад гишүүд 57.5 хувийн саналаар зөвшөөрч Засгийн Газрын Тэргүүнийг хэвээр үлдээлээ. Ямартай ч ирэх сонгууль хүртэл Засаг тогтож үлдлээ. Эмхлэн байгуулагдаад таван сар болж буй Шийдлийн Засгийн газарт дахиад таван сар ажиллах боломжийг нэгдүгээр сарын 29-ний 01 цагт УИХ-ын гишүүд олголоо.

Д.ЦЭЭНЭ

 


00.43

Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдуулж чуулган хуралдсан ч УИХ-ын гишүүдийн 57.5 хувийн саналаар Ерөнхий сайдыг хэвээр үлдээлээ.

Энэ асуудлыг УИХ 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэн шийдвэрлэлээ. Улс орны аминд тулсан чухал хуулийн төслийг хэлэлцэхэд ирдэггүй түшээд энэ удаагийн хуралдаанд бүлгээс гаргасан байр сууриа хатуу хамгаалж оролцлоо.

Онцлоход, УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Оюутолгойгоос хүртэх монголын ашгийг алсруулсан хэмээн үзэж, огцруулах төслийг өргөн мэдүүлсэн байсан юм. Огцруулах төслийг дэмжиж УИХ дахь МАН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурсан байсан билээ.


00.32

Ерөнхийлөгч орж ирж Засгийг огцруулахыг эсэргүүцлээ


22.50

З.Энхболд: Хүрэлбаатарын гэрээ бол мангар

Байнгын хорооны хуралдааны дараа 19.00 цагаас эхэлсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Л.Цог: Дубайн гэрээ бол эхний гэрээг эвдсэн Монголд ашиггүй хийгдсэн. Толгойг нь илэх асуудал биш. Анх Оюутолгойн гэрээг хийхдээ маш том аманд орсон луйврын гэрээ байгуулсан. Би Ч.Сайханбилэгийг Дубайгаас ирэхэд С.Баярын араас орлоо шүү гэсэн.

Ч.Хүрэлбаатар: М.Энхболдыг  Ерөнхий сайд байхад тухайн үед Оюутолгойн гэрээг би ахалж хийсэн юм. Тэр үед АН эсэргүүцсэн. Тухайн үед  гэрээг хийсэн бол одоогийнхноос 3-4 дахин бага өртөгөөр хийдэх байсан. Бага оврын зэс хайлуулах үйлдвэр байгуулах байсан юм.  С.Батболдыг 2011 оны 12 сард огцруулахаар АН-ынхан гарын үсэг зурахдаа Оюутолгойн гэрээг сайжруулаагүй гэсэн. Тэнд хэн хэн гарын үсэг зурсан байсан гээч. З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг гурав. 2012 онд “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчигийн бичсэн захидлаас болоод Оюутолгой зогссон ш тээ. Одоо ахиад үргэлжилж байна. Уул уурхайн сайд байсан Д.Ганхуягийг олон улсын хэвлэлүүдэд “Юм ойлгодоггүй” гэж бичиж байна шүү дээ.

З.Энхболд: Хүрэлбаатар гишүүн Оюутолгойн анхны гэрээг оруулж ирсэн юм. Татвар төлөхгүй гэсэн мангар гэрээ. Одоо байнга ярьдаг юм.

А.Тлейхан: Та гурван эдийн засаг яриад гарч ирсэн хүн. Би дэмжиж байсан. Харамслатай нь байдал сайжирсангүй. Н.Алтанхуягийн үед эдийн засаг 7 хувь болсон бол таны үед хоёр болтлоо буурлаа. Та хайрын захиа бичсэн. Нэг хөнжилд орсон мөртлөө таны хайр хөрж хөөж гаргасан. Монгол орон одоо хуримтлал муутай байна. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргасан. Танаас ганцхан юм асууя, Тавантолгой цаашдаа хөдлөх үү?

З.Энхболд: Хамааралгүй юм яриад байна. Бид өнөөдөр Оюутолгойн асуудлыг яриад байгаа.

Ч.Сайханбилэг: Эдийн засгийн хурд саарсан уу гэвэл саарсан. Ганц Монгол тохиолдож байгаа юм биш. Бид нар хэрэглээг хэт их шүтсэн эдийн засгаасаа хуримтлал руу  шилжсэн эдийн засаг руу орж байгаа. Бид энэ бодлогоо дэмжиж эдийн засгаа солонгоруулах ёстой шүү дээ. Эдийн засгийн бодлого маань зөв явж байна.  Гадаадын хөрөнгө оруулалт унасан, үнэн.  Энэ гэрээгээр 1.2 тэрбум доллар Монголд орж ирэх ёстой. Эдийн засаг аврах, хөрөнгө оруулалтыг аврах ийм юмнуудаа дэмжээд яв. Та ийм хандлагатай байж Тавантолгойг явуулах уу гэдэг чинь тавлаж байгаа юм шиг харагдаад байна.

Одоо гарч байгаа гадаад бонд бид нар зээл авах гээд байгаа юм биш. Бид төсвөө алдагдалтай батлагдсан учраас алдагдлаа нөхөх шаардлага байгаа. Өмнө нь банкуудын мөнгийг засаг өөрөө аваад сорчихдог байсан юм. Дотоодын өндөр хүүтэй бондноос зугатаагаад гаднаас хүү багатай бонд гаргаж байна. Засгийн асуудлаас болоод энэ асуудал гацчихлаа. Эцэст нь төсвөөрөө, татвараараа төлдөг асуудал үүсээд байна.

Д.Эрдэнэбат: Одоо улстөржих хэрэггүй. Хоёр дахь үед нь улстөржиж байгаад Н.Алтанхуягийг унагасан. Одоо Ч.Сайханбилэгийг унагах асуудлыг хэлэлцээд сууж байна.

Эрдэс баялгийн үнэ унахаар экспорт, импортын зөрүү гаралгүй яахав. Оюутолгойг ажиллаж байсан 2000 жижиг компани зогссон. Үүний цаана өчнөөн олон бээлий оёдог хүн ажилгүй болоод худалдан авах чадваргүй болсон. Энэ хэцүү зүйл дээр ядуу эдийн засгаа дэвсээд байх шаардлагагүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр хэд дахин буурснаас шалтгаалж эдийн засагт уналт үүссэн. Монголын эдийн засгийн цорын ганц цоожгүй түлхүүр болж үлдээд байна

Н.Энхболд: Хоёр зүйлийг хооронд салгаж ойлгуулмаар байна. Бид Дубайн гэрээнд гарын үсэг зурчлаа гэдэг утгаар биш, ерөөсөө Монгол Улсын хууль тогтоомж шийдвэрүүдтэй агуулгын хувьд зөрчилдсөн гэрээ байгуулсан гэдэг утгаар нь Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзэж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын үргээсэн ш тээ бид. Энэ над манай баялгийг ухаад аваад явна, юм хийхгүй гээд.

Л.Болд: Төр засаг та нар маань хяналттай ард түмнийхээ итгэлийг олж авах тал дээр ажиллаасай гэж байна, ард түмэн.  

Ч.Улаан: Би улс төр ярихгүй. Эдийн засаг санхүү ярина. Бизнес эрхлэхийн гол нь ашиг байдаг. Ашиг огт ярихгүй байгаа. Хөрөнгө оруулагчид, манай тал зөвхөн зардлаа л яриад байгаа. Ашиггүй бизнес байна гэдэг орлого, зарлага хоёр тэнцсэн гэсэн үг.


22.03

З.Энхболд: Ганбаатарт англи хэлний хичээл заах хэрэггүй

Асуулт хариулт үргэлжилж байна.

С.Эрдэнэ: Монгол төрийн нэр хүндийг өдий зэрэгт унагаасны үр дүн юу гарч байгаа юм бэ. Өнөөдөр С.Бямбацогт дарга их л “мундаг” дүгнэлт уншлаа л даа. Бүх л сайн сайхан байсныг Ардын намын он жилүүдэд наах гэж оролдлоо. Гэхдээ төрийн түшээ хүний хувьд бодолтой. Дэндүү муухай харлуулсан, дэндүү муухай үгүйсгэсэн юм ярилаа. Өнөөдөр бид улс орноо яаж авч явах юм бэ. Монгол төрийн нэр хүндийг унагааж байгаа хүмүүс бол бид өөрсдөө ш тээ. Манай салбарт гэхэд нэг их наядын өр авлагатай байсан ш тээ. Бүтэн нэг жил тэр өр авлагыг барагдуулах гэж махаа идсэн ш тээ. Сангийн сайд асан Д.Хаянхярваа гэхэд тойрогтоо тараагаад бусад нь тараагаагүй орхисон мөнгийг чинь бид өгөх гэж зовсон ш тээ.

Арван долоон хувь чинь хөөс байсан ш тээ. Тэр их өсөлтөөр юу хийсэн юм. Та нарын бүтээн байгуулалт хаана байгаа юм.  Гурав, дөрвөн тэрбум долларын үнэгүй тараасан ш тээ. Тэр үед инфляци 14 хувьтай байсан. 2008 оны сонгуульд олон сайхан залуусыг тахир дутуу болгож,  олон залууг шоронд хийсэндээ танай нам уучлалт гуйгаагүй шүү дээ.

Ё.Отгонбаяр: Эдийн засгийн бодит өсөлт 2.9 хувьтай байна. Инфляци буурч байгаа. Буурсан нь махны нийлүүлэлт өссөн, хүмүүс юм худалдан авах чадваргүй болсонтой холбоотой шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт 71 сая доллар байна. Импорт 3.7 тэрбум доллар байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсан гэсэн үг ш тээ.

Ч.Сайханбилэг: Эдийн засгийн хүндрэлтэй үед илүү  хамтарч, илүү ойлгож давж туулдаг.  2009 оын хямралыг хамтарч давсан шүү дээ. Өнөөдөр бол түүхийн эдийн үнэ унасан. Ялангуяа нэг салбараас хараат улсын эдийн засаг маш хүнд байгаа.

Д.Ганбат: Засгийн газар ажлаа хиймээр байна. Улс төрийн ашиг хонжоо хайсан маягаар, эхний аравт рейтинг нь ороод ч яах юм. Нэгэнт гэрээ хийсэн юмыг аятайхан явуулахгүй бол хэдэн тэрбумаараа Хятадаас, Оросоос хөрөнгө оруулагчид гарч байна. “Рио Тинто” орж ирнэ гэдэг манай тэнгэрлиг ард түмэн харсан юм байлгүй дээ.

С.Ганбаатар: Оюутолгой 300 тэрбумын төгрөгийн алдагдалтай. Энэ тэгээд Монголд ашиггүй байна. Энэ гэрээг та гарч ирээд гацаанаас гаргасан гээд байх юм. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байхад Монгол өргүй байсан. 2011 оны 17 хувийн өсөлт чинь Оюутолгойгоос биш  нүүрсний орлогоос олсон. 4.2 тэрбумыг 2016 оны нэгдүгээр улиралд “Рио Тинто” буцаан татна гэсэн байна.

Б.Бямбасайхан: Далд уурхайн бүтээн байгуулалтад 4.4 тэрбумаа зарцуулна. Үүнийгээ тохирсон байгаа. Хөрөнгө оруулалтаа нарийн тохироод явж байгаа. Банкнаас санхүүжилтээ авч байгаа хэлбэрээ сайтдаа бичсэн байгаа. Өнөөдрийн үнэ цэнээр гүний уурхайг ажлуулснаар найман тэрбумын үнэ цэнийг Монголын тал авч байгаа юм.

З.Энхболд: Бямбасайхан, Ганбаатар гишүүнд англи хэлний хичээл битгий заагаад бай.

З.Баясэлэнгэ: Оюутолгойн асуудлаа ярих гэж байгаа бол түүнийгээ яръя. Ярих гэж байгаа сэдвээсээ халиад байх юм. Оюутолгойн асуудлыг хаалтайгаар ярих ёстой. Бүх зүйлийг хараар будна гэвэл түүн шиг амархан зүйл байхгүй.Харлуулсан зүйлийг цагаанаар будахад хэцүү.Оюутолгойн гэрээ Монголын талд ашигтай хийгдсэн үү гээд уг сууриар нь аваад үзвэл хэний засгийн үед энэ гэрээг байгуулсан билээ гээд их олон зүйлийг ярьж болно.


УИХ-ын дарга хуралдааныг удирдаж эхэллээ

Хэсэг хугацаанд эзгүй байсан УИХ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд орж ирэн хуралдаанаа удирдаж эхлээд байна. Эзгүйд нь чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдаж байсан юм. Тэрээр суудалдаа тухаллаа.

Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Шударга ёс эвслийн бүлэг нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулахаар байр суурь нэгдсэн” гэдгээ тодотгов. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Уянга, мөн төслийг дэмжиж гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү нарын байр суурийг хүндэтгэж байгаа. Тэднийг бүлгээс дарамталж шахсан зүйл байхгүй гэдгийг тодотгосон юм.


21.19

Ч.Сайханбилэг: Наймааны асуудлыг ярихгүй

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :

-Цаг хугацаа Оюутолгойн гэрээг харуулна. Одоо улс төр болоод янз бүрийн юм яриад байгаа юм. Бид нар энэ шийдвэрийг тухайн үе болгон Засгийн газар хэлэлцээд явсан. Энэ зүйл дээр улстөржихөө больё” гэв. Харин Ж.Энхбаяр гишүүн “Оюутолгойтой асуудлаар Гадаад хэргийн яамны оролцоо бий юу. Хууль зүйн яам энэ Оюутолгойн гэрээ Монгол Улсын хууль дүрэмд нийцэж байгаа талаар санал дүгнэлт гаргасан уу. М.Энхсайхан сайд та ямар үүрэгтэйгээр энэ гэрээнд оролцов” гэдэг асуултыг тавьсан юм.

Түүний асуултад Б.Бямбасайхан хариулахдаа “Зэсийн үнэ нэмэгдэх тусам ногдол ашгаа авах хугацаа наашилна. Тиймээс энэ уурхайг дэлхий дээр өрсөлдөх чадвартай болгохын тулд бид нар хамтраад ажиллаж байна” гэлээ.  Харин Ерөнхий сайдын зүгээс  “Өнгөрсөн онд огт мэдээлэлгүй байснаа гэнэт өнөөдөр “асар” их мэдээлэлтэй юм шиг суухаа боль. Өнгөрсөн онд юу ч ярихгүй мөртөө одоо улстөржөөд байгаа нь сонгуультай холбоотой” гэсэн нэмэлт тайлбар өглөө.

 Д.Ганхуяг:

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал байгаа оноогүй байна. Энэ гэрээг зураг үед МАН-ынхан Засгийн газарт ажиллаж байсан. Тэгсэн мөртөө өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайдыг огцруулахаар болж байгаа нь  сонгууль ойртсоных. МАН-ынхан ийм ой санамж муутай байж болохгүй.  Нэгэнт гэрээ байгуулагдсан. Бид нэг нэгийгээ мэрэх тусам Монгол Улсын нэр хүнд унана.

Л.Эрдэнэчимэг:

-Шийдлийн Засгийн газар маань нэг жилийн хугацаанд хийсэн ажил багагүй. Монголын ард түмэн үлдсэн нэг жилийн хугацаанд засаг тогтвортой байх хэрэгтэй гэж бодож байна. Тэртээ тэргүй ардчилсан сонгуулиар энэ засагт дүн тавина. Ээн засгийг хамгаалах нэг кноптойн хувьд  би нэг санал хэлмээр байна. Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлын талаар яримаар байна.

Ч.Сайханбилэг: Нарантуул зах дээр байгаа юм шиг наймааны асуудлыг ярихгүй. Засгийн газар энэ асуудлыг тал бүрээс нь харах ёстой.  Тэнд лиценз авсан аж ахуйн нэгжийн асуудлыг яаж шийдэх үү, оруулсан хөрөнгө оруулалтыг яаж шийдэх үү гэдгийг Засгийн газрын түвшиндээ ярилцаж шийднэ.

Г.Уянга: 

-Таныг Ерөнхий сайд болоход эсэргүүцэж санал өгсөн хоёр хүний нэг би.  Хөрөнгө оруулалтын гэрээ бодитой баримт бичиг.  Зургаан тэрбум долларыг хүн зүгээр өгчхөөд өөрөө зурган сая доллар хүнээс гуйгаад явж байна. Оюутолгойн гэрээг байгуулахгүй бол, Гацууртын ордыг явуулахгүй бол, өр тавихгүй бол Монголын Улсын эдийн засаг сөхрөх гээд байна уу.  Бээлий, каск хийдэг хүний бизнесийн ашгийг Монголын ашиг гэж битгий яриад бай.  Оюутолгой руу Эрдэнэт шиг бараа шахах л гэж байгаа ш тээ.  Та нарын ойр дотны хүмүүс л бараагаа шахах гэж байгаа шүү дээ.

Ч.Сайханбилэг:

-Хариултаас битгий айж бай, Г.Уянга гишүүн ээ. Та дандаа улс төр хийдэг болохоор би тохирсон хариултыг өгдөг юм байна. Та компанийн засаглалын талаар үнэхээр юу ч олголтгүй юм байна. Оюутолгой руу бараа шахаж болдоггүй юм. Төрийн өмчийн компаниас шал өөр засаглал тэнд явж байгаа. Тэнд ашгийн төлөө явдаг  юм. Энэ төсөл хөдлөхгүй юм уу. Энэ төслөөс Монголын эдийн засаг ашгаа хүртэнэ ээ. Хөрөнгө оруулж байгаа зургаан тэрбум долларын асуудал өнөөдрийн төсвийн алдагдлын зургаан сая доллар хоёр тэмээ ямаа хоёр шиг өөр зүйл. Төсвийг бид алдагдалтай баталж байгаа учраас гаднаас бид доллар олж ирье гэж яваад байгаа юм бэ.  Улс төрийнхөө үнэ цэнийг багасгая аа. Энэ улс төрөөс чинь болоод Засгийн газрын бондын зээлийн хүү өндөр болоод байна. Үүний өртгийг ард түмэн төлнө. Уянгаа гишүүн та өөрөө төлөхгүй шүү дээ

М.Энхболд:

-Их хурлын гаргасан шийдвэрийг дураараа зөрчсөн асуудал Дубайн асуудал болсон. Өнөөдөр та бүхэн 2008 оны хөрөнгө оруулалтыг сайжруулах байтал бүр муутгаад оруулж ирж байна. Яг өнөөдрийн Тавантолгойн ажлын хэсэг наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан шиг Монголд ашигтай байсан гэрээг талаар болгосон юм аа. Тэгэхэд өнөөдөр та нар юу хийснээ бодох хэрэгтэй. Хоёрдугаарт гүний уурхайн ажил хэвийн явагдаж байсан. “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал захидал өгөөд Оюутолгойн зогссон ш тээ.  Хөрөнгө оруулалтынхаа хэмжээг өсгөөд.  Засгийн газар улсын өмнө хүлээсэн үүргээ яаж биелүүлснээ ярих хэрэгтэй.

Д.Ганболд:

-Өмнөх хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлсэн гэрээ дээр хоёр тал нэгдмэл ойлголт байхгүй ноцтой маргаантай асуудал байсан учраас энэ маргаантай асуудлыг эцэслэсэн юм. Энэ маргаантай асуудлыг бие, биесээ буланд шахах маягаар явж байсан. Өнөөдөр тэр хоёр янзаар ойлгож байсан тэр бүх асуудлыг Дубайн төлөвлөгөөгөөр шийдсэн. Уянга гишүүн ТЭЗҮ дээр холбоотой асуудлыг яриад Монгол хохирсон юм шиг яриад байна, энэ тийм биш шүү.

 А.Бакей:

-Монгол Улсын Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулах үндэслэл маш сайн байх ёстой. Огцруулах үндэслэлийг харахад хөнгөн гоомой байна. Хэт улс төржилт бол бизнесийн замналд саад болдог. Сонгууль дөхөхөөр муу тусмаа сайн байна гэсэн ойлголт улс орны хүнд байдалд оруулах сөрөг үр дагавартай гэдгийг манай гишүүд ойлгомоор байна. Оюутолгойгоо хөдөлгөөнгүй болгоё, зогсооё гэвэл хэнд ашигтай вэ. Зарим улстөрчдөд хэрэгтэй байж магадгүй. Монголын нийт ард түмэн хожихгүй хохирно.Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжих хэрэгтэй.  Улс орны том эрх ашгийг асуудал дээр улс төрийн хоёр том хүчин болох АН,МАН хариуцлагатай хандах ёстой.


20.32

Ч.Сайханбилэг: Улс төрөө бага хийе

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна. УИХ-ын гишүүдийн 50 нь Ерөнхий сайдаас асуулт асуух юм.

Ө.Энхтүвшин:  Оюутолгойн ногдол ашгийг  авах хугацаа 2030 он хүртэл хойшлогдлоо гэх юм. Энэ үнэн үү. Гадуур мөнгө тараагаад байна. Хорин мянган төгрөг тарааж байна. Танай Засгийн газраас л тараагаад байх шиг байна. “Таван хувийн зээлийг цааш нь ярьж яв, үүний төлөө та нарт 20 төгрөг өгч байна” гээд Улаанбаатарын бүх таксины жолооч нарыг Дүнжингаравт аваачаад мөнгө өгсөн байна.

Б.Бямбасайхан: Өнгөрсөн сард зурагдсан гэрээний дагуу Монголын талд өгөх өгөөжийн 47 тэрбум доллар гэж тооцсон байна. Зэсийн үнийг их багаар тооцсон байгаа. Оюутолгойн баяжмал зэс, алт мөнгө багтсан байгаа.

Ч.Сайханбилэг: Эдийн засгийн судалгааг статистикийн байгууллага хийгээгүй. Өөөр байгууллага хийсэн юм билээ. Засгийн газраас 20 мянган төгрөг тараагаагүй. Тиймээс энэ цуу ярианд хариулт өгөх боломжгүй.

Я.Содбаатар: Ард иргэд одоо дүнгээ тавих гэж байна. Та бүхэн улс шиг хөгжиж, хүн шиг амьдруулна гэж гарч ирсэн. Та нар үнэхээр хүн шиг амьдруулж байна уу гэдгийг асуумаар байна.  Нийт оюутнууд 70 мянган төгрөг авдаг байсан бол өнөөдөр 70 хувь нь авдаг болсон.  Нийт хүүхдүүд 20 мянган төгрөг авдаг байсан бол одоо 40 хувь нь авч чадахгүй болсон. Та танхимаа, намаа аль алийг нь товхинуулж чадсангүй. Нэг талаас нь таны хамтрагч нар тан руу дайрч байна. Нөгөө талаас танай намын дотоод фракци, яг таны хажууд сууж байгаа хүнээс тан руу дайрч байна. Ардын нам танай засаг юм хийх болов уу гэж танай намтай хамтарсан. Таныг дандаа Ардчилсан нам хажуугаас хусч байгаа шүү.

Та Оюутолгой, Тавантолгойн явуулна гэж хэлсэн. Тавантолгойг явуулах асуудлыг танай намын дарга зогсоосон. Тавантолгойн асуудал юу болсон бэ? Оюутолгойн төсөлтэй холбоотойгоор зөв ойлголт өгөхөөр Засгийн газар юу хийв. Анхны хөрөнгө оруулалтын гэрээг Дубайн гэрээгээр яаж өөрчилсөн бэ?. Танай Засгийн газар их худалч Засгийн газар юм.

З.Энхболд: Тэр Дубайн гэрээтэй холбоотой юмаа ярь. Мянган юм ярьчих юм. Би энэ асуудалд ямар хамаатай юм. Г.Уянгаагийн бланк дээр танай намынхан гарын үсэг зураа биз дээ.

Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгө олгодгоороо олгож байгаа.  Улс төрөө бага хийж, урагшаа явах асуудлаа их хийх цаг юм аа. Ардчилсан намын асуудлаар улс төр хийгээд Ардын намын хүн янз бүрийн юм ярих хэрэггүй. Хажууд сууж байгаа хүнтэйгээ хамтраад явж байгаа. Худлаа яриагүй ээ, малчдын зээл 10 хувь болно.

Д.Ганболд: Өнгөрсөн 2015 онд ТЭЗҮ-г өргөн барьсан. Уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөл хүлээж авдаг. Өнгөрсөн оны долдугаар сард хамгийн сүүлийн ТЭЗҮ-г хүлээж авсан. Усны асуудлын хувьд жижиг орон нутагтай холбоотой маргаан байгаа. Том улс төр байхгүй гэж хэлье. Оюутолгойд ашигласан усаа буцааж ашиглаж байгаа. Ийм техник хаана ч байдаггүй юм билээ.  Малчдын тавьсан хүсэлтийн дагуу Оюутолгой олон цооногнуудад кран, тоолуур тавиад лацдаагүй үлдээсэн.

Үүнийг байгаль хамгаалагчид ирээд олон сая тонн ус алдаад байна  гээд торгууль тавьсан. Энэ асуудлаар ярьж байгаа. Ямар нэгэн том улс төр байхгүй.


20.18

Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ хэлэлцэж байна

Г.Уянга нарын 19 хүний гарын үсэг бүхий Ерөнхий сайдыг  огцруулах тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор  зуун хувийн ирцтэйгээр хэлэлцлээ. Ингээд тус байнгын хорооны 19 гишүүний 10 нь Монгол Улсын  Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй юм. Байнгын хорооноос гаргасан шийдвэрийг УИХ хэлэлцэж байна.

Чуулганы хуралдааны ирц 71 хувь байна.  Чуулганы хуралдааны эхэнд  УИХ цаг сунгаж хуралдах асуудлаар санал хурааж олонх нь дэмжлээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Бакей тус байнгын хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулав. 

А.Бакей гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар санал дүгнэлтээ танилцуулав.

Ингээд гишүүдийн асуулт эхэллээ.

Д.Дэмбэрэл:

-Оюутолгойг явуулах нь зөв. Оюутолгойг бид нар эргэлтэд оруулсан. Долоо дахь жилдээ орж байгаа. Энэ төсөл цаашдаа ч явна. Миний асуух зүйл бол энэ гэрээг Монгол Улсад хохиролтойгоор байгууллагаа гээд байна. Бараг 1.5 тэрбум доллар буюу манай 34 хувийн хөрөнгөө төлчих хэмжээний хөрөнгө алдчихлаа гэж Сангийн яамны мэргэжилтнүүд хэлээд байна. ҮАБЗ, УИХ-ын шийдвэрийг зөрчлөө гээд байна.

Оюутолгойн анхны гэрээ их гайгүй сайн байгуулагдсан. Гэтэл одоо их хохиролтойгоор байгууллаа гэх юм.  Оюутолгойтой асуудлыг УИХ анх удаа хэлэлцэж байна даа.  Нөгөө талаар, Тавантолгойн асуудал яасан бэ. Үүнийг л явуулахын тулд хамтарсан засаг байгуулна гээд байсан. Энэ төсөл юу болсон бэ?

Ч.Сайханбилэг:

-2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэхээ хохиролтой болгоогүй. Гурван тэрбумын алдагдсан боломжийг энэ төлөвлөгөөгөөр сэргээсэн.51 хувь болгох асуудал нээлттэй байгаа. Тавантолгой төслийн хувьд Засгийн газар энэ ажлыг зогсоогоогүй. Одоо ч хүртэл ажлын хэсэг ажиллаж байгаа.

Б.Бямбасайхан:

-Оюутолгойн ил уурхайг ашигласнаар зөвхөн зургаан тэрбум орчим долларыг авах боломжтой. Гүний уурхайг ашиглалтад оруулж, олборлолт борлуулалт хийснээр 47  тэрбум долларыг авах боломжтой.  Гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад 3000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Жил болгон Монголын эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг гаднаас оруулж ирэх боломжтой болж байгаа юм.

О.Баасанхүү:

-100 сая долларын актыг 30 сая болгон буурууллаа. 100 сая доллар гэдэг чинь 200 тэрбум төгрөг шүү дээ. Та хэн нэгэнтэй компани байгуулж байгаад хөрөнгө оруулалтаа цаад тал нь гурав, дөрөв дахин нэмэгдүүллээ гэхэд таны хариуцлага ч нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Та өөрийнхөө компанид ингэж хандахгүй байгаа биз дээ.  Хууль зөрчсөн Засгийн газар огцрох ёстой гэдэг.  Хууль зөрчсөн бол хууль зөрчсөн.  Сайдад хариуцлага тооц гэж Л.Эрдэнэчимэг гишүүн бичиг явуулж байсныг санаж байна. Их хурлын дарга индэр дээрээс сайдаа хөөж явуул гэсэн. Та сайдаа явуулсан уу?

Ардчилсан намын дүгнэлт дотор нэг ч хууль өргөн барьдаггүй гэсэн гүтгэлэг явж байна. Би харин ч олон хууль батлуулсан хүн шүү. Хууль нэгдүгээрт юм уу, эрх мэдэл нэгдүгээрт юм уу? Оюутолгойн гэрээний алдааг засахгүй бол  яагаад “Шударга ёс” эвсэлтэй хамтраад байгаа юм бэ.  Би лав тантай хамтармааргүй байна

Б.Бямбасайхан:

-Татварын ерөнхий газар шалгалт хийгээд 130 сая долларын акт тавиад маргана таслах зөвлөл дээр очсон. Маргаан таслах зөвлөл буюу татварын шүүх маань 30 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Ч.Сайханбилэг:

-Татварын нэг байцаагч акт тавиад тэр нь эцсийн шийдвэр болчихдог зүйл хаана ч байхгүй. Татварын акт тавина. Түүнийг нь татварын маргаан зөвлөх хянана. Хамгийн эхний гаргасан шийдвэрийг хамгийн эцсийн шийдвэр гэж ойлгож болохгүй шүү дээ. Танд энэ талаар мянга тайлбарласан. Үүнийг ойлгохгүй улс төр хийгээд байвал яаж ойлгуулахаа мэдэхгүй байна.

Хууль санаачлах асуудал Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоогүй. Үүнийгээ тойрог байдаг бол тэндээ очиж ярь.  Эсвэл доторх юмаа эвсэл дотроо ярь.


Чуулганыг Р.Гончигдорж удирдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд удирдаж байсан ч ажил гарсан бололтой чуулганы танхимаас гараад байна. Одоо уг хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдаж үргэлжлүүлж байна.


Тогтворгүй байдлын төлөөсийг ард түмэн үүрдэг

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахтай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлгийн санал дүгнэлтийг танилцууллаа. Тус дүгнэлтийг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү. 


С.Бямбацогт: Бодлогын алдаа ард түмнийг туйлдууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн санал дүгнэлтийг танилцууллаа. Энэхүү санал дүгнэлтийг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү.


19.23

Чуулганаар Ерөнхий сайдыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан цаг сунгаж хуралдахаар болж санал асуулга явуулахад 72 гишүүн оролцсоноос 38 гишүүн дэмжиж чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Г.Уянга нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй. Ийнхүү УИХ-ын чуулганаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлээд байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны шийдвэрийг тус байнгын хорооны дарга А.Бакей танилцууллаа.

Огцруулах үндэслэлийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганд танилцуулж байна.


18.40

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжие" гэсэн үндэслэлээр санал хураалт явуулахад байнгын хорооны 19 гишүүний 10 нь дэмжихгүй гэсэн санал өгснөөр уналаа. Гишүүдийн 47.4 хувь нь “Огцруулах нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй.


Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хэн юу хэлэв?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газрыг 3 удаа огцруулах санал оруулж ирлээ. Одоо жүжиглэхээ болио, саналаа татаж ав МАН - ынхаан!

Posted by Норовын Алтанхуяг on Thursday, January 28, 2016

-Манай Ардын нам буурьтай хүчин. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьчхаад хамаг зүйлийг хамж, шимж ярихаа боль. Ч.Сайханбилэг хариуцлагаа хүлээ. Д.Ганболд та хойшоо ухарсан байна лээ, эхэн үедээ идэвхтэй ажиллаж байсан.  Монголын төрд зөв жишиг тогтооё. Харин өнөөдөр бидэнд энэ бүхнийг тогтоох боломж байхгүй.  МАН-ынхан одоо больё. 3 жилд 3 удаа Засгийн газрыг бужигнуулж байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах цаг, асуудал ч биш. Одоо удахгүй сонгууль болох гэж байна. Намайг томилогдсоныхоо дараа огцруулна гэж байхад манайхан аваад үлдсэн. Дараагаар нь огцруулж санаа амарсан байх.  Та нар Ч.Сайханбилэгтэй хүзүү сээрээрээ тэврэлдэж 7-8 сар явчихаад гарангуутаа огцруулна гэхээ боль. МАН-ынхан жүжиглэдгээ больчих. Яах гэж Засагт орж бүтээн байгуулалт саатуулсан юм бэ.  Та нар саналаа татаад авчих.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтээр 6 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бол Монголын хоёр жилийн төсөв.

УИХ дээр бид энэ асуудлыг 7-8 удаа ярьсан. Ойлголцсон гэж бодсон. Гэтэл бид биесээ итгүүлэхгүй юм байна. Оюутолгой Монголын талд 53 хувийн ашиг өгнө. Энэ төсөл явна гээд бизнесийнхэн дунд хүлээлт үүссэн. 2000 хүн ажлын байртай болох гэж байна. бид 1.4 тэрбум долларын тавны нэгийг төсөвтөө аваад хэрэглэчихсэн. Бүх зүйлийг мэдэж байж хоосон улс төр хийж байна. Өмнөговь аймгийг очоод үз, далд уурхай ажиллаасай гэсэн ард иргэд зах дээр нь олон бий.

О.Содбилэг таны 34 хүртэл хувийг нь эзэмшдэг “Петровис” Оюутолгойд 274 тэрбум 500 сая төгрөгийн бензин нийлүүлсэн. Тэгсэн хэрнээ том төслийг явуулахгүй гээд сууж байна. Гүний уурхайн явцад 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарах байх. Боломж гарна гэж харж байгаа. Гүний уурхайн төсөл 2-3 жил зогссоноос 3 тэрбум ам.доллар алдсан гэсэн судалгааг гадаадын шинжээчид гаргасан. Алдагдсан боломжийг хэн ч ярьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Оюутолгой бол улс төрийн асуудал биш. Цэвэр бизнесийн асуудал.  

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Ардчилсан нам эрийн цээнд хүрсэн. Шалих, ялихгүй асуудлаар Засгийн газрыг огцруулж чадахгүй шүү. Өөрсдийгөө дуусгачихъя гэж бодоогүй бол битгий ингэ. Саналаа татаад авчих.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Оюутолгойг зогсоох гээд эсэргүүцээд байгаа юм алга. Урьд өмнө УИХ-аас гаргасан хууль, тогтоол зөрчигдсөн учраас энэ асуудлыг яриад байна. Төсөл зөв явах ёстой. С.Батболдын Засгийн газрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулагчтай ярьсаар гэрээнд нааштай ахиц гарсан. УИХ урьд гаргасан шийдвэрээ зөрчиж болохгүй гэдэг үндэслэлийг гишүүд тавьж байгаа. Монголд хууль дээдлэх ёс байхгүй боллоо. Юм хийхэд хууль зөрчих юу юм бэ гэж ярьж байгаа. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Н.Алтанхуяг хичээл заах хэрэггүй. 2011 онд Засгийн газраа хаяад гарч байсан шүү. Хүнээ хүн шиг амьдруулна гэсэн гараад асуу даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-МАН-ыг Засгийн газрыг огцруулдаг гэж яриад байх юм. 1996-2000 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан. Тэр үед хамгийн олон Засгийн газар огцорч байсан.

2008 онд МАН Засгийн газрыг байгуулахдаа цөөнхийн бүлгээ уриад том асуудлаа шийдэж байсан. Гэтэл тухайн үеийн Шадар сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 3.6 жил хамтарчхаад хаяад гарсан.

Өнгөрсөн жил МАН Засгийн газарт хамтарсан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд манай бүлгийн хуралдаанд орж ирээд  олон цаг гуйсан. Урьж Засгийн газартаа оруулчхаад дараа нь хөөсөн шүү. Тийм байтал битгий энхийн цагаан тагтаа шиг юм бүү ярь.


БХ-ны дараа УИХ-ын чуулган хуралдана

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууслаа. Яг одоогийн байдлаар үг хэлэх саналтай гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц 100 хувь байхаас гадна тус байнгын хороонд харьяалалгүй УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, З.Баянсэлэнгэ зэрэг нэлээд олон гишүүд сууж байна.

Байнгын хорооны хурлын дараа шууд УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжлэх аж.


18.01

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны цагийн гишүүд сунгаж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд өөрсдийн саналыг хэлж эхлээд байна. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганыг хуралдуулан үргэлжлүүлэн хэлэлцэх юм.


Ч.Сайханбилэг: Жижиг асуудал ярих хэрэггүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 100 хувийн ирцтэйгээр үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга дээрх тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ Дубайд зурагдсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө нь Монголд ногдох ашгийг алсруулсан гэж үзэн, үүний төлөө Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой хэмээн үзсэн юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нар асуулт тавилаа. Тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал анх гэрээнд зааснаасаа 3 тэрбум орчим ам.доллараар хэтэрсэн байхад яагаад түүнийг нь бууруулж 30 сая ам.доллар болгосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бэ гэдэгт хариулт өгөхийг хүсэв.

Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ийм асуудалд Засгийн газрын тэргүүн оролцдоггүй юм” гэсэн хариулт өгсөн бол “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд “Оюутолгойн  хөрөнгө оруулалтын зардлыг хянахаар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг 1.4 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Гэхдээ тэдний дотор хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулалтын гэрээнд заасан зүйлүүдийг ойлгоогүй хүмүүс байсан учраас зөрчлийн тоо ингэж гарсан. Анхан шатны бүртгэл материал тэр бүгдийгээ дахин үзэж нягталснаар хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй сая ам.доллараар хэтэрсэн гэх дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг Сангийн яамны дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр хянан баталгаажуулсны үндсэн дээр хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэтэрсэн зардлыг нь хөрөнгө оруулалтын зардал биш гэж үзэх үндэслэл байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Т.НОМИН, Г.ДАРЬ,  Б.ХОНГОР

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна