“Гал дээр суусан” Шангрилла

2016 оны 1 сарын 29

Нийслэл хотын маань нэгэн чимэг Шангрилла зочид буудал-Улаанбаатар гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймээс ч шинэ оныг шинэхэн буудалд тухтайхан угтах гэж бяртайхан байгууллага аж ахуйн нэгжүүд уралдаж байсан. Аймаг орон нутгийнхан ч бэл бэнчингээ гайхуулах гэсэндээ Шангриллаг л зорьж, шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулсан. Ийн олны нүдийг баясгасан буудал гал дээр суучихсан юм уу гэхээр үйл явдал хоёронтоо тохиов.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын зүүн талын өргөтгөл болох үйлчилгээний барилгын таван давхрын дээврийн хэсэгт өчигдөр өдөр гал гарлаа. Галын дуудлагыг 11:56 цагт авсан гал унтраах анги зургаан минутын дараа буюу 12:02 цагт гал гарсан газарт очиж, шуурхай ажилласны хүчинд галыг тархаалгүй унтраасан байна. Өргөтгөлийн барилгын таван давхар буюу дээврийн хэсэгт 10-15 метр квадрат талбай галд өртжээ. Гэхдээ энэ бол Шангриллад тохиосон анхны аюул биш. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр “Шангрилла” зочид буудлын барилгын долоон давхраас гал алдаж, гал барилгын орой хэсэг хүртэл тархаж байсан. Аврагчид гал унтраах гэж хоёр цаг орчим ажиллаж. Гэвч одоог хүртэл тухайн үед гарсан галын хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа гэнэ. Энэхүү хэргийг цагдаагийнхан шалгасаар байгаад дараагийн галтай золгов. Өмнөх галын шалтгаан, хохирлыг тогтоогоогүй байхад Шангрилла дахиад галд өртлөө.

Энэ удаагийн гал түймэрт азаар хүн өртөж, гэмтэж бэртээгүй. Гэвч хоёр жилийн өмнөх галын үеэр 19 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан хэмээн гал сөнөөгчид хэлж байжээ. Тэдгээр хүмүүс гал гараад эхэлмэгц амь дүйн зугтаж, барилгын дээвэр рүү гарч, эрүүл саруул үлдсэн нь аз болсон. Олон улсад нэр хүндтэй зочид буудлын салбар ийн байсгээд галд өртөж байгаа нь ердийн л нэг, байдаг л асуудал мөн үү. Хэрэвзээ гал сөнөөгчид хурдан хугацаанд очиж амжаагүй бол юү болох байсныг хэн ч таашгүй. Урьд нь гал гарах үед барилга баригдаж байсан бол одоо хэдийнээ зочлох үйлчилгээгээ эхэлж, хамаг л чухал эвентүүд Шангриллаг сонгож байна. Улсын маань нэр нүүрийг тахлах сайхан буудалтай боллоо гэж баярласан нь монголчуудын хувьд хэтэрхий яарсан хэрэг бололтой. Харин ч сайнааасаа саараар дуудуулж эхэллээ. Галын даллагатай энэ барилга хувийн өмч болохоор чухам юунаас болж гал гарсныг, гал гарахад хэн буруутайг мэдээлэлгүй таг дарсан. Цахилгааны доголдлоос шалтгаалсан, гал зуухнаасаа гал алдсан гэхчилэн олон янзын таамаг тухайн үед дэвшүүлж байсан ч албан ёсны тайлбарыг өнөөг хүртэл хэн ч өгөөгүй нь гайхалтай.

Хэдхэн сарын дараа АСЕМ-ын зочид Монголыг зорин ирнэ. Ази, Европын 50 гаруй орны төр, засгийн тэргүүн, өндөр дээд зэрэглэлийн нэр хүндтэй зочдыг хамаг л сайхан буудалдаа буулгах гэж хичээх нь мэдээж. Тэр цагт Шангриллад итгэж болох уу. МСS-ийнхэн гал дээр суусан заслаа хийлгэж, удаа дараа хариуцлага алдсан хүмүүстээ санамж сэрэмж өгч амжих болов уу. Энд хэн нэгний мууг үзэх гэсэндээ бус хариуцлагагүйн хаялга гүрэн Монголын минь нэрийг гутааж мэдэхээр байгааг сануулах гэснийх билээ.

Энэ удаагийн гал зочид буудлын үндсэн барилгад бус өргөтгөлд гарсан болохоор тус зочид буудлын үйл ажиллагаа хэвийн байгааг төгсгөлд тодотгоё.

М.СУРА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна