Гишүүдэд хандан 223 өргөдөл гаргажээ

2016 оны 1 сарын 29

Он гарснаас хойш УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс 297 өргөдөл ирүүлснээс 25 өргөдөл буюу 8,4 хувь нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах, 230 буюу 77,4 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах, 42 буюу 14,2 хувь нь бусад асуудлаар ирүүлсэн байна. Үүнээс УИХ-ын дарга, гишүүдэд 223 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 74 өргөдөл ирүүлжээ.

Энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн 84 хүсэлт буюу 28,3 хувийг судлан хариу өгч, 55 өргөдөл буюу 18,5 хувь нь судалгааны шатанд байгаа бөгөөд нийт 158 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг агуулгаар нь ангилвал:

  1. Гадаад хэргийн асуудлаар 2,
  2. Төсөв, санхүүгийн асуудлаар 6,
  3. Аж үйлдвэрийн асуудлаар 2,
  4. Хууль зүйн асуудлаар 50,
  5. Барилга, хот байгуулалтын асуудлаар 6,
  6. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудлаар 13,
  7. Хөдөлмөрийн асуудал 22,
  8. Эрчим хүчний асуудлаар 1,
  9. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар 126,
  10. Эрүүл мэнд, спортын асуудлаар 5 өргөдөл ирүүлсэн байна.

Ахуйн шинжтэй асуудлаар хандсан хүсэлтийг агуулгаар нь авч үзвэл сургууль, курст суралцах, сургалтын төлбөртэй холбогдсон 11, орон сууц, гэр олгохыг хүссэн 40, ажлын байртай холбогдсон 16, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 21, эд материал, мөнгөн тусламж хүссэн 30, шагнал урамшуулалтай холбогдсон асуудлаар 14 өргөдөл ирүүлсэн байна.

Иргэдээс ирүүлсэн саналыг тухай бүрд нь холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүд, хэлтэс, албадад танилцуулж, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллав.

Өргөдлийн байнгын хороонд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараах саналуудыг ирүүлжээ:

  • Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, стандартыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх, эрүүл мэндийн үзлэг оношлогоог сайжруулах, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх;
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх тогтолцоог чанаржуулах, мэргэшүүлэх, эмч нарын хариуцлагыг дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, өрхийн эмнэлгүүдэд туршлагатай ахмад эмч нарыг зөвлөх эмчээр цалинг нэмэх байдлаар ажилуулж өрхийн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 5-6 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах;
  • Улсын төв 1 дүгээр эмнэлгийн гемодиализийн аппарат хүрэлцдэггүй дагалдах эмчилгээ дутмаг байгааг анхаарах, эмчилгээний зардлын 7 хувийг Эрүүл мэндийн даатгалаас зарцуулдаг болох;
  • Урьдчилан сэргийлэх, чийрэгжүүлэх чиглэлээр нийгэмд үе шаттай бодлого, ажил дутмаг байгааг анхаарах;
  • Хепатит вирусын эмчилгээний үед болон цусны хорт хавдарын нэг хэлбэр архаг миелолейкоз өвчтэй хүмүүст хэрэглэгдэх өндөр өртөгтэй нэр бүхий зарим эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай эмийн жагсаалтад оруулах;
  • Лагийг түлш болгох, хог хаягдлаас дахиварыг түүх, дахивар цуглуулах ууттай болгох, хог хаягдлын үнийг Засгийн газраас зохицуулах, "Хоёрдогч түүхий эд"-ийг баялаг болгох, хог хаягдлыг шийдвэрлэх технологийн нэгдсэн удирдлагатай, мэргэжилтнүүдийг бэлтгэх;
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдан гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн ч орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, түрээсийн байранд амьдарч хохирч байгааг анхаарах;
  • Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах ажлыг хэсэгчлэн, шат дараалалтай хийх, шуурхай арга хэмжээ авах;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэлцүүрийг бүх хүнд нэг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх тогтолцоог өөрчилж, бага хэмжээтэй тэтгэвэр авагчдад ихээр нэмэгдүүлж, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд орон сууц, нөхөн олговор зэргээр дахин буцалтгүй тусламж үзүүлэх тухай өргөдөл гомдлууд байсан.

А.АМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна