Уул уурхай урагшлахгүй нь

2016 оны 1 сарын 29

-Энэ онд уул уурхайн олборлолт, орлогын хэмжээ өсөх үү, буурах уу гэдгийг одоо дүгнэх нь эртдэх хэдий ч нааштай үзүүлэлт гарна гэсэн итгэл огт төрөхгүй байгаа юм. Үүн дээрээс Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэлд үргэлж саад болдог улс төрийн хийрхэл улам л гаарна. Учир нь 2016 он сонгуулийн жил-

Уул уурхайн яамнаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал хийж заншжээ. Өчигдөр болсон хэвлэлийн хурал тус яамны 2012 оны есдүгээр сард зохион байгуулсан анхны хурлаас хойшхи 37 дахь, Шийдлийн /Ч.Сайханбилэг тэргүүнтэй/ Засгийн газрыг эмхлэснээс хойшхи 14 дэх удаагийн хэвлэлийн хурал болохыг Уул уурхайн сайд онцолсон юм.

Яам болгон хэвлэлийнхэнд үүд хаалгаа чөлөөтэй нээгээд байдаггүй энэ цаг үед ил тод мэдээлэл өгч байгаа нь тус яамны бусдаас ялгарах давуу тал байж болох ч өчигдрийн хэвлэлийн хурлаас өөр нэгэн өнгө аяс мэдрэгдсэн нь сонгууль угтсан улс төржилт. Салбарын сайд тэргүүтэй тус яамны мяндагтнууд эгнэн суусан хэвлэлийн хурлын хоймроос нэг л зэврүүн хүйтэн үгс цухалзаж, бүхнийг “бид хийсэн юм” хэмээн бардамнахын дээр “бүхнийг бүү улс төржүүл” гэсэн үгээр бамбайлан өөрсдөө улс төр хийж буй нь анзаарагдаж байлаа.

1500 компанийн 280 л ажиллана

Уул уурхайн салбараас энэ онд гайхамшгийг хүлээгээд хэрэггүй нь бололтой. Учир нь улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3436 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас энэ жил хэвийн ажиллана гэж ам бардам дуугарсан нь тун цөөн ажээ. Хайгуулынхан нь эрдэс баялгийг эрж хайх нь цөөрч, Геологийн төв лабораторид шинжлүүлэхээр өгөх эрдсийн дээжис эрс багассан гэх. Уг нь хайгуулын лицензийн тоо бараг л 2000-д дөхөөд байгаа юм. Хэн болгонд олддоггүй хайгуулын лиценз өвөртөлсөн 1939 компани байгаа ч хэвийн ажиллагаа явуулах нь хэд хичнээн байгааг Ашигт малтмалын газрын дарга тодотгож хэлсэнгүй. Гэхдээ энэ онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай Засгийн газрын тогтоол гарахтай холбогдуулан түр зогсоод байсан эрдсийн хуримтлал бүхий талбайд сонгон шалгаруулалт явуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхэлнэ гэдгийг уул уурхайнхан онцолж байлаа.

Харин ашиглалтын зөвшөөрөл бүхий 1497 компаниас 280 нь л 2016 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж, Ашигт малтмалын газарт өгөөд байгаа гэнэ. Одоогийн байдлаар 130 нь төлөвлөгөөгөө батлуулжээ. Төлөвлөгөө гаргаж батлуулаагүй компаниудыг эргэлзээтэйд тооцвол энэ онд уул уурхайн компаниудын 1/5 нь л ажиллах нь.

Өнгөрсөн оны уул уурхайн олборлолт болоод тус салбараас улсын төсөвт төвлөрсөн төсөв мөнгөний хэмжээ энэ онд арвижих бус татарч мэдэх таагүй уур амьсгал бүрджээ. 2015 онд манай улс 24,1 сая тонн нүүрс, 14,6 тонн алт, 1,2 сая тонн газрын тос олборложээ. Мөн 230,8 мянган тонн хайлуур жонш, 1 334,7 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал, 6,2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 89,6 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн гэсэн тоо гарчээ. Энэ онд өмнөх жилийн олборлолт орлогын хэмжээ өсөх үү, буурах уу гэдгийг одоо дүгнэх нь эртдэх хэдий ч нааштай үзүүлэлт гарна гэсэн итгэл огт төрөхгүй байгаа юм.

Үүн дээрээс Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэлд үргэлж саад болдог улс төрийн хийрхэл улам л гаарна. Учир нь 2016 он сонгуулийн жил. Дээсэн дөрөөн дээр тогтож үлдсэн Засгийн газрын гишүүд, дагалдаад агентлагийнхан нь хэр зэрэг урамтай зоригтой ажиллахаас их зүйл шалтгаалахаар байгаа юм. Гэтэл уул уурхайн яамныхнаас урагштай үр дүн хүлээх хэрэггүйг өчигдөр болсон хэвлэлийн хурал батлаад өгөв. Шатахууны үнийн бууралт хийгээд цаашид буурах боломжийн талаар голчлон хүүрнэсэн хурлын өнгө аясыг нэмэлт хачиргүй доор буулгалаа.

Шатахууны хямдрал-Хэний гавьяа вэ?

“Шатахуун хямдарсан нь бидний ард олондоо барьж буй цагаан сарын бэлэг” гэдэг үгийг уул уурхайн мяндагтнууд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тунхаглалаа. Яалт ч үгүй ингээд хэлчихсэн шүү, Газрын тосны газрын дарга нь. Бид зориуд цагаан сарын өмнө шатахууныг хямдруулсан юм гэж тэрбээр тодоос тод хэллээ. Тэгэхээр цагаан сараас ч өмнө хямдрах боломж байсныг бариад хямдруулаагүй гүрийсэн ч байж болохоор сэрдлэг эрхгүй төрж байгаа юм. Дээрээс нь “Дэлхийн зах зээлд үнэ ханш буурч байгаа нь бидэнд огт падлийгүй. Тэр шатахуун чинь өөрөө урсаад орж ирэхгүй. Булгийн ус авах шиг шанагадаад авчихдаггүйм. Тэгээд ч импортлогчдод татварын том дарамт ирсэн” гэхчилэн шатахууны үнэ буурах боломж бараг л үгүй мэтээр ойлгуулахыг ихэд хичээсэн.

ШӨХТГ-аас гаргасан судалгаагаар нефтийн бүтээгдэхүүн импортлогчид нэг литр шатахууныг 1433 төгрөгийн өртөгтэйгээр оруулж ирээд хамгийн хямддаа 1580 төгрөгөөр худалдаалж, литр тутмаас 147 төгрөгийн цэвэр ашиг олдог гэсэн байх юм. Үүнийг салбарын мяндагтнуудаас тодруулан асуухад “тийм, үгүй”-н алиныг ч хэлсэнгүй. Сонгууль дөхсөнөөс ч тэр үү ухаантнууд олширч, хэзээ үеийн үнэ ханшид тулгуурлаж ийм судалгаа хийснийг бид мэдэхгүй хэмээн хээв нэг хариулж суулаа. ШӨХТГ ч, Уул уурхайн яам ч ялгаагүй ард олныхоо төлөө эрх ашгийн ажилладаг баймаар. Төрөөр овоглосон байгууллагууд уялдаа холбоогүй, нэг нь ч судалснаа танилцуулдаггүй, нөгөө нь ч судалгааг нь сонирхдоггүй хачирхалтай дүр зураг эндээс харагдав. Түүнчлэн “Бид шатахууныхаа үнийг мэдэж байгаа. Ирэх сард ямар байхыг ч таамаглаж чаддаг болсон. Гэхдээ хэлэхгүй” хэмээн хэгжүүрхэн суугаа төрийн албан хаагчдад “Албан тушаал мөнхийн биш. Бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахгүй бол өгснөө авчихаж бас болдог юм шүү” гэдгийг мэдрүүлэх цаг болжээ. Ард нь өндөр сэнтийтэй эхнэр хүүхэд, хадам ах байгаадаа бардам байхыг үгүйсгэхгүй ч үлдэж буй таван сард таны яаж ажиллахаас бамбай болсон эрх мэдэлтнүүдийнх нь сандал суудал шалтгаалдагийг сануулахад илүүдэмгүй.

Нэгэн цагт Монгол Улс ганц улсаас, ганцхан компаниас хараат байсан. Тэр үед хаашаа ч хөрвөх гээд ширэнд хүлээтэй мэт бэрх байсан нь үнэн. Харин одоо бол ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Япон, Белорусь, Латви, Литва гээд тоолбол цөөнгүй хэдэн улс орноос шатахуун импортлон оруулж байгаа. Тэдгээр орнуудтай тухайн орных нь мөнгөн тэмдэгтээр гэрээлбэл хамаагүй хямд тусах магадлалтай. Ийм боломжийг ашиглах талаар ямар санаачилга гаргаж байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад сайдын зөвлөхтөн “Тийм боломж байдаггүй юм. Сэтгүүлч та өөрөө яваад гэрээлээд ир л дээ” гэсэн дэндүү балмад хариулт өгч байх юм. Тэгээд ч гэрээг яамныхан биш компаниуд хийдэг болохоор энэ асуудал тэдэнд огт хамаагүй гэнэ шүү. Үнэ ханшаа хямдруулсан гавьяаг нь хуваалцах мөртлөө цаашид ч бууруулах боломжийг хамтдаа хайх болохоор хамааралгүй болчихдог хачин тогтолцоог яалтай вэ. Эндээс харахад шатахууны хямдрал яг үнэндээ бол яамныхны биш импортлогчдын бэлэг юм биш үү.

Энэ бүгдээс харахад уул уурхайгаас ихийг хүлээх хэрэггүй нь бололтой.

Д.ЦЭЭНЭ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна