Норсон биеэ сэгсрэгч шувууд

2016 оны 1 сарын 29

Яруу найрагч Цэрэндашийн НАМУУНДАРЬ

Өдрөөс өдөрт биеэ чамлан бодлогошрон явах нь түүний дүр төрх. Жаахан биендээ юу агуулж явааг хэн мэднэ? Гэвч “өөрийгөө чамлана” гэдэг бас л хүн болгонд байдаг чанар биш. Одоо үед ховор л зүйлийн нэг. Зорьсондоо хүрнэ гэдэг их хүсэл мөрөөдлөөс гадна их эргэцүүлэл, зэрэгцүүлэл гэж боддог юм. Тийм ч байх. Түүний шүлэг нь ч, өгүүллэг бодрол нь ч наснаасаа ахадсан бодомжтой.

Би, Намуундарийн шүлгийн анхны уншигчийн хувьд хоёр гурван жилийн өмнөхөөс, бүр өдрөөс өдрийнх нь өөрчлөлтийг анзаарч явдаг юм. Намуундарь СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүлчийн III курсийн оюутан. Энэ л үедээ жаахан юм унших тухай түүнд шаардах минь илүү үг ч байж мэднэ. Шинэ үе өсч өндийх нь цонхон дээрх цэцэг навч ургаж төлжих шиг.

Яагаад ч юм, ийм нэгэн бодол орж ирээд… Түүний хэн ч үл анзаарах оюун бодлын ертөнцийн цонхоор шагайвал…Үүний учир түүний шинэ шүлгүүдийг уншигч Таны өмнө дэлгэвэй.

О.СОДНОМПИЛ 2016.1.28

x    x    x

Хэрэв ес дүгээр сар, ес дүгээр сар биш байсан бол...
Инээмсэглэдэггүй уруулын талаар бодохгүй байсан
Тэнгэр одоо хэр нь цэнхэр гэгдэх цэхэр өнгөтэй хэвээрээ
уруулаа ч хүргээгүй орхисон АМЕРКОНА ширээн дээр
Хамгийн хүнд ганцаардлын хамгийн гайхамшигтай илэрхийлсээр
9-р сар л чухам…

ХУВИН ДҮҮРЭН БОРОО

Хэрээг хамгийн сүүлд хэзээ харснаа мартах дөхжээ.
гэртээ харих замын хайрга чулуу ч
өнөөдөр
эмх цэгцтэй номын тавиур шиг нэг л цэвэрхэн санагдах нь
намар, өвөл,,, нөгөө л навч, цасны тухай бодлоос хөндийрүүлж
үнэр чинь, хэзээ
өөр эмэгтэйнх байсан тухай төсөөлүүлж эхэлнэ.
яасан эргэлзмээр юм бэ?
зургадугаар сарын хэдэн ч билээ дээ
ганцаардлын хэлбэр дүрсийг, жаахан хүүхэд шиг
чадлаараа зурахаар хичээж байсан
миний гар, хазгай муруй бичвэрүүд,
гучин жилийн дараа тоосонд даруулж,
эмх цэгцгүй номын тавиур шиг
мартагдаж мэдэх тухай бодвол илүү дээрсэн.
худал эсэх нь хэнд ч хамаагүй…
эргээд санахад дулаацаж болохоор л бол...
хавар, зун,,, өнөөх л цэцэг, хайр дурлалын тухай бодлоос илүү
углаашийг чинь дөхүүлэх, хүрмийг чинь өлгөхийн сайхныг
би л хамгийн сайн мэднэ.
хайрт минь

ЦАГ ХУГАЦААНЫ ТОРХ

Бороо гэж даруухан нэрлэчихээд нулимсны тухай бичих
Байж боломгүй мэхлэлтүүд
надад ч бас байна гэхээр
Амьдрал үнэхээр өгөөмөр юм аа
Ээжээ

ХӨНДЛӨН ЗАМЫН УУЛЗВАР ДЭЭР

чи сонcсон бол доо...
уйлах л байсан даа
нэгэн хэмээр бөхөлзөх мөчрүүдийнхээ хэмнэлд автаад
догдлолоо дарж ядахдаа тэсэлгүй гуниглах л байсан даа.
чи сонcсон бол доо...
Фридрих Шопены "Весенний вальс" -ыг
МОДОД МИНЬ,
одоо ч түүний хойноос
төгөлдөр хуурын даралтууд хүртэл харамсдаг гэвэл…
хаварт итгэдэгүй нэгэн охиныг
итгэдэг болтол нь ховсдож чадсан гэвэл…
нэрийг нь ч бичээгүй чулууных нь өмнө
төгөлдөр хуурын II сонат эгшиглэсэн гэвэл
МОДОД МИНЬ,
Варшавын бяцхан цэцэрлэг ч
түүний зүрхийг нууц чадаагүйг мэдэх л байсан даа, чи
биед чинь хүрэлцэх Фридрих Шопены
7 насных нь өөдөсхөн хуруудыг
өөрийнхөө навчис шиг л мэдрэх байсан даа…
ай! чи сонсcон бол
1849 оны 10 сарын 27-ныг
мартахгүй л байсан даа, МОДОД МИНЬ

УСАНД ҮЙСЭН ЧЕМОДАН

Гэрэл бөхөв
Яг хагас цагийн өмнө.
Хуучин чулуун арслангийн амьгүй зүрх шиг
Шөнө.
Буй бүхнийг байхгүй болгов.
Чухам.
Мөн чанарыг нь мэдсээр авч
мэдэхгүй царайлсан гүн хөх сар л
Миний аз жаргалыг,
Хундагандаа дүүргээд хөнтөрч орхив.
гэвч надад,
энэ их харанхуйг зүсэн ярах
Ганцхан гэрэл нь чи л байсан.
Чи гэрэл байсан...
гэрэл яг
хагас цагийн өмнө бөхчихсөн.

ӨНДӨГНИЙ ХУЛГАЙЧ

би
"Ад зэтгэр"-д итгэдэг...
унасан мөрөө дээшлүүлэх бяцхан айлгүйтэл шиг...
"хулгайчгүй" , "худалчгүй"
Энэ ертөнцөд
өөр хэнд итгэх юм?
нуруунаас халуу төөнөсөөр байна
энэ зуур л ...
ирээдүйд ирэхгүй ч байж мэдэх
бүхний тухай бодлоо
''Мартаж''
хүмүүс яаж амьдардаг гэдгийг
''хар даа''.
Дараа нь
Ганцаардлаас айхчидын дунд
цайгаа ууж дуустал минь
Надаас юу ч битгий асуу

БАЙШИНГИЙН НУРСАН ХАНА ШИГ СЭТГЭЛ Л ҮЛДЭВ

уруулын минь хөдөлгөөнийг уншихаар
урдаас цоо ширтэх,
энэ хуучин номын үгс
"Максим Горький"-н "ЭХ"
хэзээ нэгтээ ширүүхэн харсан алдааныхаа төлөө
-ӨРШӨӨЛ эрэх цаг нь болжээ
эх минь
Магадгүй дахин уншвал...
цас малгайлсан шөнө
-долоон мод газар,
-дан гуталтай,
Сашенка хот руу алхах шиг "ЭС" санагдвал
өөрийнхөө үнэтэй бүхнийг мартсан хүү дээ
ширхэг оймс ч бүү өг...
хайраа ч битгий үзүүл..
"481"
төгсгөлийн цэг...
Ингээд л дуусчихлаа гэж бодоход
хананы цаана
хэн нэгэн
гүн амьсгал татах шиг
ГУНИГТ мэдрэмж…

ТАРИМАЛ ЦЭЦЭГ

- - -
үдэж өгөхөд...
тэнгэр…
дуугаа хураагаад уруулаа оролддог
хайрт минь, чам шиг дүнсгэр байсан…
яагаад ч юм надад хачин их таалагддаг
уруулын чинь өнгийг ч мартуулсан
уйланхай тэнгэрт...
ганцхан шувуу дэвэн дэвсээр
гаргаж уншмааргүй харцтай чинь төстэй
цэг төдийхөн болоод замхарсан...
буцах зам дэндүү урт,
байшин, машин, бариулаас арай ядан атгах гарнууд
буруутай ч юм шиг, сэтгэл хүртэл дүнсийчихсэн
үнэр чинь л харин
-цүнхнээс, эсвэл
-гар хуруунаас,
-бүр автобусны тасалбараас хүртэл
үнэртэж байсан.
чамайгаа үдэж өгөхөд
-урд өдрийн усан бороо,
-үүрэглэгч нохой,
-нөмөр хайсан тагтаас
өөр юу юу ч билээ, "үнсэлт, тэврэлт, уучлал" шиг
ямар ч өнгөөр будамгүй
яг ингээд байж байвал зохих тэнгэрт
өрөөсөн шувуу л дэвэн дэвсээр
өр зүрхэнд далавчаа хумина.
иргэж ирнэ гэж бодохоор л
эргээд нисэх шиг болно.

ХАНАН ДАХЬ ЗУРАГНААС ДАЛАЙН ТҮРЛЭГ, ЭРГИЙН САЛХИ ҮНЭРТЭНЭ

Хатаасан загас,
Хачирт нь цагаан гаа
Хэнд ч үзүүлдэггүй Мерилин Монрогийн зурагтай ил захидал
Санаандгүй л асаагуураараа сольчихсон цэнхэр алчуур...
Цонхны хөшиг л гагцхүү
Хань болж дэрвэсэн долоон сарын үдэш
Цоожтой юм бүхэнд уруулаа хүргэж үзэхийг хүссэн 18 нас
Ахиад жаахан л гуниглавал
Цамцныхаа ханцуйгаар нүүрээ дараа мэгшиж мэдэх
Ахиад жаахан уруулыг минь илбэхээр шиврэх
Долоон сарын бороо
Одоо л би бүгдийг орхиод
Одоо л би,
Долоон сарын үдэш хань болсон хөшгөө орхиод
Цоожтой юм бүхнийг дахин дахин үнсэхээр гарч байна.
Цаана нь намайг хорин хэдэн насны минь
Даашинзтай хаврууд
Догдлон догдлон хүлээж байна
Дурлал чи мандтугай

ДЭНЛҮҮНИЙ ГЭРЭЛД

Верoника...
би дуугүй суусаар л
байна...
байгаагаасаа хань татвал
хана налуулж тавьсан том хүрз л байна.
ГЭВЧ
өглөөхөн оршуулсан
чиний царай, цусгүй уруул, сүүмгэр нүд
чихэнд хаалга балбах чимээ
нөгөө үйлчлэгч хүүхэн
надад чамд хүрэх хүч хэрэгтэй
надад ой санамж хэрэгтэй
ГЭТЭЛ...
ширээн дээрх жижиг хайрцаг
бурхан минь...
Верoника!!!
миний гараас мултран унах
хайрцаг дотроос нь
шүдний эмчийн багажууд
зааны соёогоор зорсон юм шиг
гучин хоёр жижиг яс...
миний дуртай
чиний шүднүүд
"ЭДГАР АЛЛАН ПО"
үнэхээр чамд хайртай байжээ.

ТЭР БОРООНД...

аливааг хайрлах нь ердийн нэг хээтэй торон цамцнаас илүү үнэ цэнтэй
ахиад л нэг хором, магадгүй намар
хүлцэх, харамлах... гэх үгсийг умартаж
чухал нь...
хэзээ нэгтээ хайрлаж явсан нэгэнтэй гэнэт таарах шиг
хуучин хуурцаг дээрх нэрийг нь мэдэхгүй ая мэт дурласныхаа төлөө
-ширээн дээр чичрэх утас
-кофе асгасан шүлэгтэй цаас
бүгдийг ширтэхээ болино гэж бодоход ч
чухал нь...
дахиад л хайрлах гэж хичээх шийдвэрүүдийнхээ төлөө,
залуу минь
бороо дусагнасан Явуугийн цэцэрлэг шиг өдрүүдэд
сандал чийгтээд...
илүү гунигтай байсан ч...

НАВЧЛААГҮЙ МОД

хайрт минь
дарс уруул чимчигнүүлэм гашуун байсан даа ч яахав дээ
ядахнаа л...
үзэх дуртай киноны гол дүр ч болов
ялагдахгүй байвал сайхан сан
тэгээд л усны гутал, уруулын будаг шиг
хавар эхэлдэг бол бүр ч
өрнөлгүй хоромхон зуурын учрал шиг
өрөөсөн ээмгээ зүүхээ мартсан эсвэл гээсэн бүтэлгүйтэл шиг
санахгүй ч, мартахгүй үргэлжилсээр байх бүхэн
-шар пальто, цүнхний хаягдсан оосрыг
-урт цув, удтал сөхөөгүй зургийн цомгийг
яагаад надад эднийг л дурдуулаад байдгийг мэдэхгүй юм даа
огт ийм байгаагүй зуны өдрүүд
дахин уншихаас залхсан номын чинь аль нэг мөрийг сонсох хүсэл
эсвэл,
тэвчээр алдуулах бороо, тэвэрч хүрэхгүй хол бүхнийг
санагдуулаад байна
гэсэн ч хайрт минь
дурлавал дурла л даа,
дулаацуулах гэж хичээх бүсгүйчүүдийг л битгий хайрлаарай

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин. 2016.01.30. ¹24 (2465)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна