Шүүхийн шинэчлэл буцахаар болов

2016 оны 1 сарын 29

Галзууруулагч хонин жилийн төгсгөлд Үндсэн хуулийн Цэц муу нүүртэй бичин жилд дахиад 35 шүүх нэмж байгуулж гэмээнэ Үндсэн хуульд нийцэх шийдвэр гаргалаа.

Энгийнээр хэлбэл, засаг захиргааны нэгж болсон аймаг, дүүргүүд шүүхтэй байхаар Үндсэн хуульд заасан гэж Цэц үзэж буй. Өмнө нь ийм шийдвэрийнх нь дагуу Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулж иргэн, эрүүгээр дагнасан шүүхийн нэрийг өөрчлөн аймаг, дүүргийнх болгосон ч энэ нь нэр төдий өөрчлөлт гэж Цэц үзсэн учраас дахиад Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Ингэхдээ “Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна” хэмээн Үндсэн хуулийн Цэц уг хуралдаанаар үзжээ. Ингээд дүгнэлтээ гаргаж, Үндсэн хуулийн Цэц дээрх дүгнэлтээрээ Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг 2016 оны 6дүгаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэх дүгнэлт гаргажээ.

Одоо УИХ энэхүү шийдвэрийг дагаж шинээр шүүх байгуулахаас өөр аргагүй болж байна. Үндсэн хууль бол хийсвэр ойлголт биш. Цагаан дээр хараар биччихсэн тодорхой баримт бичиг. Тиймээс тэрхүү Үндсэн хуулийн манаачдын гаргах шийдвэрт сэтгэл санаа, үзэл бодол нөлөөлөх нь ховор. Гэхдээ Цэц ямар шийдвэр гаргах вэ гэхээсээ илүүтэй даган мөрдөх үндэс болсон Эцэг хуульд асуудал байж болно. Тэрхүү хуулийг батлагч нь хүн л болохоор алдаж, оносон зүйл байж л таараа.

Өнөөгийн эдийн засаг, засаглалын хямралын гол үндэс нь Үндсэн хууль болчихоод буй талаар хаа сайгүй ярьж, хэлэх боллоо. Засгийн газрыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө дэгээдэж унагаад буй шалтгаан нь 24 жилийн тэртээд баталсан Үндсэн хууль болоод байгаа нь гарцаагүй бодит жишээ.

Цэцийн өчигдрийн шийдвэр ёсоор одоо Улаанбаатарын есөн дүүрэг бүгд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, иргэний хэргийн анхан шатны шүүхтэй болно. Дээр нь 21 аймагт давж заалдах шатны шүүх нэмж байгуулна. Тэгэхээр орон нутагт давж заалдах шатны 42 шүүх иргэний 21, эрүүгийн 21, нийслэлд 18 шүүхтэй болно. Эрүүгийн анхан шатны есөн шүүх, иргэний хэргийн анхан шатны есөн шүүх байгуулна. Одоо Монгол Улсын хэмжээнд 100 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа. Цэцийнхээр бол Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд 135 шүүхтэй байж нийцнэ гэхээр нэмж дор хаяж 35 шүүх байгуулах нь ээ.

Шинэ хувилбараар шүүхийн тоо

Д/д

Шүүхийн

 нэр

Шүүхийн тоо

Шүүхийн нэр

Тоо

Нийт

1

Давж заалдах шатны шүүх

Аймгийн давж заалдах шатны шүүх

42

45

Нийслэлийн давж заалдах шатны шүүх

2

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

1

2

Анхан шатны шүүх

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

9

90

 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

9

Захиргааны хэргийн анхан шатны шүүх

22

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

21

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

21

Сум дундын шүүх

8

Нийт

135

Энэ дүгнэлт ялангуяа Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн Шүүх байгуулах тухай хуулийг үндсэнд нь үгүй хийлээ.

Цэцийн шийдвэрт шинээр байгуулсан шүүхүүдээ нэр төдийхнөөр өөрчлөлт оруулж аргалах гэсэн боловч бүтсэнгүй.

Шүүх байгуулах тухай хуулийн гол өөрчлөлт нь тойргийн системтэй, дагнасан шүүхүүдийг бий болгосон явдал. Ингэснээр шүүгчид илүү мэргэших нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Харин Цэцийн шийдвэр үүнийг буцааж байранд нь тавихаар гарлаа.

Өмнөх хуулиар нь аймгийн шүүх гэж байсан бол тойргийн системээр болгосноор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд хамтдаа 1 дүгээр тойрог болж, Давж заалдах шатны Иргэний, Эрүүгийн шүүх гэж байгуулагдсан байсан. Гэхдээ энэ байдалд иргэд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, Хэнтий, Сүхбаатар аймагт амьдарч байгаа иргэд давж заалдах журмаар гомдлоо гаргах бол шүүх хурал нь Дорнод аймгийн Хэрлэн суманд очиж оролцох шаардлагатай болсныг тайлбарлаж байна. Үүнийг ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт дурдсан байсан учир энэ алдааг засчээ. Ингэхдээ Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Давж заалдах шатны шүүх хуралдааныг тухайн аймагт нь хийж болохоор зохицуулалтыг хийж өгсөн байна.

Энэ хуулийн нэг том бодлогын өөрчлөлт нь хуучин зөвхөн Улаанбаатар хотод дүүргийн хэмжээнд дагнасан шүүхтэй байсан бол Монгол улсын хэмжээнд ихэнх анхан шатны шүүхийг Эрүүгийн, Иргэний гэж дагнасан шүүхтэй болгож байгаа явдал нь хамгийн том бодлогын өөрчлөлт, шинэчлэлт байжээ.

Гэхдээ тэрхүү шинэчлэлийг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц дүгнэв. Өнөөдөр үнэндээ Цэцийн шийдвэр агаарын, махчилсан, цаг үе, хөгжил дэвшилтэйгээ нийцэхээ больжээ. Шударга, мэргэшсэн, мэдлэгтэй шүүхээр шүүлгэх иргэдийн чинхүү хүсэлтийн эсрэг Үндсэн хуулийн Цэц өнөөдөр зогсож байна.

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна