СЗХ-ны даргыг чөлөөллөө

2016 оны 1 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяаг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм байна.

Одоо чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Тодруулбал, Хятад улсад суух Элчин сайдаар Д.Ганхуягийг,  БНАСАУ- д суух Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг, Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдорж нарыг тус тус томилуулахаар оруулж ирсэн байна.

Импортын цахилгааныг татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компани нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ комданиудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг байна. Баруун бүсийн эрчим хүчний системээр 2014 онд 100.8 сая кВт.ц, БНХАУ-аас 5.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортолж, “Дөргөн” УЦС 39.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн баруун гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангажээ.

Тус компани нь ОХУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 2.6 рублиэр худалдан авч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн 1 кВт цахилгаан эрчим хүч борлуулах бөөний үнэ тарифын дагуу “Увс ЦТС” ХХК-д 45.55 төгрөг,  “Ховд ЦТС” ХХК-д 52.47 төгрөг, “Баян-Өлгий ЦШСГ”-т 49.4 “Алтай-Улиастай ЭХС”-д 86.59 төгрөг тус тус мөрдөн ажиллаж байгаа аж.

Мөн “Дөргөний УЦС” ХХК-иас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 32.11 төгрөгөөр худалдан авч түгээх сүлжээнүүдэд бөөний үнэ тарифаар тооцон борлуулдаг. БНХАУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 0.65 юаниар худалдан авдаг байна. Түгээх сүлжээ компаниуд айл өрхөд 86.8 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад 124.2 төгрөгөөр тус тус борлуулдаг.

Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг аж. Нөгөө талдаа баруун гурван аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсч буй юм байна. Тиймээс Засгийн газар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компанийн ОХУ, Хятад улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ.

Гэхдээ энэхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд нэр бүхий гишүүд хил орчмын 13 бүсээр авч байгаа импортын эрчим хүчийг татварын хөнгөлөлт үзүүлэхдээ ойролцоох сумдыг мөн хамруулах ёстой гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн ч татан авлаа. Учир нь Өмнөговь зэрэг аймгийн тодорхой сумд оруулахаар үйлдвэрлэлийн зориулалтаар авч байгаа эрчим хүчийг татварын хөнгөлөлт үзүүлэх болж буй учраас энэ асуудлыг ахуйн хэрэглээнээс тусад нь авч үзэхийн тулд Засгийн газар тусдаа хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэх боллоо.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна