Мандатыг эцэслэхгүй бол сонгууль хойшилж мэднэ

2016 оны 1 сарын 29

НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн мандатын тоог 22 болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ хүсэлтийг харгалзан үзэж Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барихдаа мандатын хуваарилалтыг өөрчилсөн юм. Тодруулбал, нийслэл Улаанбаатарт 22 мандат, хөдөө орон нутагт 26 мандат олгохоор төлөвлөөд байна. Онцлоход Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж сонгуулийн нэг тойрог болгосон тул 26 тойрог болжээ. Өмнө нь 28 гишүүн жагсаалтаар гардаг, үлдсэн 48 мандатын 14 нь Улаанбаатар хотод, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагддаг байсан юм.
Энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн дараах тайлбарыг хийсэн юм.

-Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэлийг ялгавартайгаар тогтоох заалт ороогүй. Харин өмнөх хуульд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу өмнөх сонгуулийн тойрог, мандатыг ялгавартай тогтоож байсан. Жишээ нь, аймгийн дунджаар 40 гаруй мянган хүнд нэг мандат ногдож, нийслэлд 80 гаруй мянган хүнд нэг мандат тогтоож байсан юм. Харин одоо ялгавартайгаар тогтооно гэсэн заалтыг аваад хаячихсан учраас улсын дундажтай адилтгаж, 63 мянган хүнд нэг мандат олгох шаардлагатай” хэмээсэн.

Энэ асуудлыг МАН-ын гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь найман аймгийн хоёр мандат нэг болж буурч байгаа юм. Тэдгээр найман аймагт гол төлөв МАН-ын гишүүд сонгогддог байсан учраас ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн. Ямартай ч хуулийн дагуу мандатын асуудлыг хэлэлцэх хугацаа өнөөдөр эцэслэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Нэгэнт хуулиа гаргачихсан юм чинь УИХ-ын чуулганы байдлыг харах нь зүйтэй юм. Өнөөдөр хуулийн хугацаа дуусч байна. Хэрэв өнөөдөр эцэслэн шийдэхгүй бол зургадугаар сарын сүүлээр явагдах ёстой сонгуулийн хугацаа хойшилж мэдэх юм.


УИХ-ын гишүүн Д.Зоригт: -Сонгуулийн тухай хууль шинээр батлагдсан. Энэ хуульд хүн амын тоотой уялдуулж мандатыг тогтооно гэсэн байгаа юм. Ингэснээр илүү шударга, ардчилсан болж ирнэ. Нэг гишүүн улсын дунджаар 60 гаруй мянган хүн төлөөлөх ёстой. Хуулиа бариад явах юм бол нийслэлийн мандатыг нэмэх ёстой. Тиймээс би дэмжиж байна. АН-ын бүлэг хуралдаад орон нутагт хуваарилж байгаа дөрвөн мандатыг нийслэлд татах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс намынхаа байр суурийг дэмжиж байна.


УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гээд заачихсан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод аж төрж байна. Гэтэл нийслэлд тулгамдаад байгаа агаарын бохирдол, хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгмийн тулгамдаж буй олон асуудлыг нэг тойргоос сонгогдсон нэг гишүүн шийдэж хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс 1 сая 480 мянган хүнийг төлөөлөх УИХ-ын гишүүдийн эрхийг боогдуулж болохгүй. Мандатын тоог нийслэлд нэмэгдүүлэх ёстой. Энэ асуудлыг би дэмжиж байна.

УИХ-ын гишүүд нийслэлийн мандатыг нэмэх нь зөв үү гэсэн асуултанд дээрх хариултыг өглөө. Харин УИХ дахь намын бүлгүүд ямар байр суурьтай байгааг тодруулбал:

УИХ дахь АН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Архангай аймаг 94 мянган хүн амтай, УИХ-д хоёр гишүүн төлөөлж байгаа бол Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон нэг гишүүн 120 мянган иргэнийг төлөөлдөг. Дундговь аймгаас сонгогдсон гишүүн 47 мянган иргэнийг төлөөлдөг. Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүн 100 мянган иргэнийг төлөөлж байгаа нь нийслэлд ногдох тойргийн мандатын тоог нэмэх шаардлагатай байгаагийн илрэл.Шударга ёсны үүднээс нийслэлээс сонгогдох гишүүдийн тоог нэмэх ёстой.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Эрх баригч АН-ынхны хувилбараар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох юм. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө. Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот 4.7 мянган кв.км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэсвгэрийн 0,3 хувьд нь 50 мандат, 99,7 хувьд 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга бус хуваарилалт юм. Иймд энэ асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй.


УИХ дахь МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн төлөөлөл Шадар сайд Ц.Оюунбаатар: -Хүн амын тоотой харьцуулах ёстой. Нийслэлд олон мандат гэдэг утгаар нь биш хүн амын тоонд зохицсон байдлаар мандатыг хувиарлах ёстой. Тэр бол зарчмын асуудал юм. Түүнээс нийслэлд олон гэдэг ч юм уу, аль нэг гишүүн манай аймагт олон мандат олгох ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Хамгийн гол нь хүн амын тоонд нийцэж байх ёстой. Тэр нь нийслэлд байна уу Дархан-Уул, Эрдэнэт байна уу ялгаагүй юм.


УИХ дахь ИЗНН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн С.Оюун: -Хүн амын тоотой уялдуулж мандатын тоог тогтооно гэж хуульд заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу бол Улаанбаатар хотын мандатын тоо нэмэгдэх ёстой. Олон жил ярьсан атал хийж чадаагүй. Яагаад гэвэл орон нутгаас сонгогдсон гишүүдийн тоо их байдаг учраас. Энэ асуудал бол зүгээр л нэг гишүүдийн ашиг сонирхлын асуудал биш. Хэдэн иргэн, сонгогчдыг төлөөлөх вэ гэдэг утгаараа чухал юм. Улаанбаатар хотын дүүрэгт гэхэд нэг гишүүн 200-300 мянган хүнийг төлөөлж байдаг. Гэтэл хөдөө орон нутгийн жижиг тойрогт 20 мянган иргэн төлөөлөх жишээтэй. Тиймээс дэмжиж байна.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна