Буузны махны үнэ өсчээ

2016 оны 1 сарын 29

Нэг хэсэг буугаад байсан махны үнэ сар шинийн баяртай уралдан тэнгэрт хаджээ. Хүнсний бүтээгдэхүүнийн хувьд хамгийн хямд үнэтэй байдаг гэгддэг “Хүчит шонхор” захын махны ханш гэхэд нилээд өсчээ. Бусад худалдааны төвүүдэд ч ялгаагүй махны үнэ 500-1000 төгрөгийн нэмэгдэлтэй зарагдаж байна.

Ерөнхийдөө хотын ямар ч худалдааны төв, захуудад махны үнэ өдөр өдрөөр өссөөр байгааг дараах ханшаас харж болно. Жишээлбэл, “Хүчит шонхор” худалдааны төв дээр үхрийн махны бөөний үнэ 5000-5500 төгрөг байгаа бол цул мах нэг кг нь 7500-7800, ястай мах 7400-7500 төгрөг хүрчээ. Хонины махны хувьд бөөний үнэ 3400-3600, ястай мах 4400-4500, цул мах 4800-4900 төгрөгөөр зарагдаж байгаа бол ямааны махны бөөний үнэ 3300-3500, цул мах 4200-4400, ястай нь 3900-4100 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин адууны махны хувьд бөөний үнэ нь 2500-3200, цул мах 4000-4500, ясгүй мах 3800-4300 төгрөг бол тэмээний мах бөөндөө 2500-3000, жижиглэн нь 3500-4500 төгрөгийн ханштай байна.

Айл бүхэн сар шинийн бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд махны үнэ улам бүр өсөхийг үгүйсгэхгүй. Ууц, өвчүүний үнэ тэр хэрэгцээг дагаад нэмэгдэж байна. Цагаан сарыг буузгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл хамгийн гол хоол болсон буузаа бэлтгэх махны үнэ хэрэгцээг даган, баярын өдрийг угтан өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийг арга барахад хүргэж байна.

Ченжүүд хэлэхдээ, өөрсдөө өндөр үнээр бөөндөж авч байгаа учраас жижиглэнгийн болон бөөний үнийг нэмэхээс аргагүй байгаа гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, малчдын гар дээрээс өндөр үнээр ирж байгаа махны үнээ буулгах, тогтвортой байлгах ямар ч боломжгүй хэмээн ченжүүд ярилаа. Сарын өмнөхөн шалдаа бууж байсан махны үнэ эргээд өсч, өдөр хоногоор нэмэгдэх хандлагатай байгаа нь худалдан авагчдад хүнд тусаж байна. Ялангуяа сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд иргэд бэлэн бууз худалдаж авах уу, үнэ нь нэмэгдэж байгаа махнаас сонголт хийх үү гэсэн асуулттай тулгарч байна.

Аливаа баярын өмнө хямдрал биш хямралтай үнээр “бэлэг” барьдаг энэ жишиг хэзээ жигдэрч, хэрэглэгчид хохирдоггүй болох вэ?

А.АНУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна