Тойргоор зөвшилцсөн үү?

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Тойргоор зөвшилцсөн үү?

-Хэнтий, Дорнод, Завхан, Увс аймгийн мандат тус бүр нэгээр хумихаар, тэр дөрвөн мандатаа нийслэлд нэмэхээр зөвшилцсөн бололтой-

УИХ өнөөдөр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог, мандатыг эцэслэн шийдвэрлэхгүй бол хугацаагүй боллоо. Хуульд заасан эцсийн хугацаа өнөөдөр дуусна. Өргөн баригдсан цагаасаа маргаан дагуулсан эл асуудлыг УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд өнгөрсөн өдрүүдэд зөвшилцсөнөөр тодорхой шийдэлд хүрсэн чимээ дуулдаж байна.

Зөвшилцлөөр Хэнтий, Дорнод, Завхан, Увс аймгийн мандат тус бүр нэгээр хумигдана. Нэг үгээр хэлбэл, дээрх тойргуудаас УИХ-ыг төлөөлөн тус бүр нэг гишүүн сонгогдоно гэсэн үг юм. Харин дээрх аймгуудаас тус бүр хасагдсан дөрвөн мандат нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт тус бүр нэмэгдэх нь. Ингэхдээ Налайх дүүргийг Хан-Уул дүүрэгт харьяалуулах аж.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотыг чиглэх нүүдэл тасрахгүй үргэлжилсээр хүн амын тоо 1.4 саяд хүрсэн. Хүн амын энэ их нягтаршлыг дагаад шийдэх асуудал олон. Жил бүр тасралтгүй улс, нийслэлийн төсвөөр цэцэрлэг, сургууль барьж хүлээлгэн өгч байгаа ч эцэг, эхчүүдэд тулгарах бэрхшээл нимгэрээгүй л байна. Гэр хорооллын дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэсээр. Дээр нь агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр далайцтай хөдлөхгүй бол хүн амынх нь тэн хагас уушгины өвчтэй болж мэдэшгүй аюултай мэдээг мэргэжлийн байгууллагууд анхааруулах болов. Эдгээр нь наад захын проблем.

Гэвч УИХ-аар энэ мэт хүндхэн асуудлыг хэлэлцэх болоход нийслэлээс сонгогдсон гишүүд нь хүчигүйдэх нь бий. Орон нутгаас сонгогдсон гишүүдийг нийслэлээс сонгогдсон гишүүдтэй нь харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй учраас тэр.

Харин дээрх зөвшилцлөөр ямартай ч нийслэлд 4 мандат нэмэгдэж ирэх болж буй. Уг нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга тойргийн 48 мандатын 44 хувь буюу 21-ыг Улаанбаатар хотод хуваарилах шаардлага байгааг нэлээд үндэслэлтэй тайлбарласан. Гэвч зөвшилцлөөр 4 мандат л нийслэлд нэмэгдэж ирэх болж байна.

Хүн амтайгаа уяхад энэ нь чамлалттай. Ядаж л дахин 4-өөр нэмэх шаардлага бий. Учир нь Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн 120 мянган иргэний төлөөлөл болж байхад Архангай аймгаас сонгогдсон гишүүн 45 мянган иргэнийг л төлөөлдөг.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн 150 мянган иргэнийг төлөөлөн сууж буй. Төлөөллийн харилцаа нь алдагдсан энэ жишгийг зөв тал руу нь чиглүүлэх эрх мэдэл зөвхөн хууль тогтоогчдод л бий. Энэ ч утгаараа УИХ-аас гаргах шийдлийг нийслэлчүүд өнөөдөр чих тавин хүлээх нь дамжиггүй.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж