Шүүгчийн хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Шүүгчийн хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх вэ?

Монгол Улсын шүүх байгууллага шинэтгэл хийж, 10 үр дүнгээ танилцуулсан нь саяхан. Энэ дундаас чихэнд “чимэгтэй” нэгэн мэдээлэл нь шүүхийн эдийн засгийг баталгаажуулсан явдал байв. Нэгдүгээрт, шүүгчийн хариуцлагатай ажиллах томоохон хөшүүрэг болсон цалинг 2.7-3.3 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр Монгол Улсын төрийн албан хаагчдаас шүүгч хамгийн өндөр цалинтай нь боллоо хэмээн зарласан. Хоёрдугаарт, шүүхийн улсын төсөвт эзлэх хувь хэмжээг нэмсэн явдал ч багтана. Шүүгчийн хараат бус байдлыг хангахад эдийн засаг, эрхзүй, тогтолцооны хэмжээнд шинэчлэл хийсэн талаар дурдсан. Ингээд шүүгчийн хариуцлагатай, бие даан ажиллах томоохон нөхцөлийг бүрдүүллээ хэмээн тайлагнасан.

Тэгвэл шүүгчдийн бие даан ажиллах нөхцөлийг хангасны дараа хариуцлага, ёс зүйг хэрхэн дээшлүүлэх вэ гэх асуудал урган гарчээ. Энэ хүрээнд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдвээр салбарынхан уулзалт зохион байгуулж байна. Шүүгчийн үйл ажиллагаа гэдэг онцлогтой учраас тал бүрийн оролцоог хангаж хариуцлагын тогтолцоог ярих нь чухал гэдгийг энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцолж байлаа. Ялангуяа Монгол Улсын хувьд шүүхийн шинэтгэл хийж, эрхзүйн орчныг сайжруулж байгаа хэдий ч хангалттай түвшинд хүрээгүй хэмээн оролцогчид үзэж байна. Тиймээс эрхзүйн орчин хангалттай биш энэ нөхцөлд шүүгчийн хариуцлагыг хэрхэн хянах вэ гэдэг дээр болгоомжтой хандах нь чухал гэлээ. 

Шүүхийн ёс зүйн хороонд ирэх гомдлын 70-80 хувь нь шүүгчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбогддог гэж байна. Хэдий тийм ч шүүхийн үйл ажиллагаа нэг бол иргэний талд, эсвэл нөгөө талд гардаг. Тиймээс өөрийнх нь талд гараагүйгээс шүүгчийг ёс зүйн доголдол гаргадаг хэмээн дүгнэх хэсэг ч байдаг гэдгийг онцоллоо.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс шүүгчид хуулиар олгогдсон зарим үйл ажиллагаанд хяналт тавих боломж байхгүйг онцоллоо. Тухайлбал, шүүгчид аливаа нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлээр үнэлдэг. Тиймээс нотлох баримтыг үнэлэх асуудал дээр хяналт тавих боломж байдаггүй. Хоёрдугаарт, хуулийн үг хэллэгийг өөрөөр тайлбарладаг явдал. Гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчдөг зэрэг асуудалд хяналт тавих боломж байдаггүй гэлээ.

Монгол Улс шүүхийн тухай багц хууль гаргасан. Гэсэн ч шүүгчийн хариуцлага, ёс зүйн асуудлыг хэрхэн хянах вэ гэдэг дээр нарийвчлан хэлэлцүүлэг явуулж, эрх зүйн орчноороо тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж