&#34Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

&#34Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё&#34

УИХ-ын чуулганы 2016.01.28-ны пүрэв гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний гаргасан саналыг хэлэлцэв. Гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсээр шөнийн 00:00 цаг өнгөрч байхад санал хураалт явуулан гишүүдийн дийлэнхийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай асуудлыг  дэмжсэнгүй.

Уг хуралдааны төгсгөлд буюу санал хураалт явуулахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай иж бүрэн хуулийн төсөл УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ярих байх. Албан тушаалтнаас хариуцлага асуухын дотор Ерөнхий сайдаас, Засгийн газраас хариуцлага асуух ёстой. Би энэ талаар энэ чуулганы эхэнд маш тодорхой ярьсан.

Өнөөдөр манай гишүүдийн ирц онцгой сайн байгаа үед та бүхний сонорт ийм асуудлыг бид цаашдаа яаж шийдэж байх ёстой юм бэ гэдэг талаар товчхон санаагаа хэлье. Энд хэлэх гол санаа бол манаа л манаагаа сольдог. Одоо бид Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё. Манай Үндсэн хуульд бичсэн байдаг. “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог” гэсэн байгаа.

Одоо бид өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардаг явдлаа зогсооё. Ерөнхий сайдын ажил бол Монгол Улсыг төлөөлдөг ажил. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг ажил. Маш их хариуцлагатай ажил. Энэ дээр хүн өсөж бойжих ёстой. Энэ дээр хүн биеэ бэлдэх ёстой. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлч зарчим, бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Бидний жишээ авах дуртай орнууд, зовлон үзсэн, олон удаа ийм замаар явсан улс орнууд яг энэ зарчмаар засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим бол энэ л байгаа юм.

УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж болно. Тавихдаа дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг л оруулж ирэх хэрэгтэй. Өмнөх Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцож байгаа бол өмнөхөө огцруулах биш, дараагийн Ерөнхий сайдаа томилох асуудлаар л санал хураах хэрэгтэй. Манай Үндсэн хуулийн утга агуулга ийм л байгаа.

Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гэдэг бол тамгаа өгөөд хаалгаар гарах хүртлээ ажлаа хийж байдаг. Дараагийн Ерөнхий сайд залгаад л тамгаа авах, тасралтгүй байх ийм зүйлийг л бид хийе.

Би хувьдаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан. УИХ-ын энэ танхимд хоёр удаа шөнө дөл болтол хуралдуулж, огцруулах шийдвэрийг манай УИХ гаргаад гарч байсан. Одоо ийм зүйлийг бид нар давтмааргүй байна.

Хэчнээн сараар бид дараагийн Ерөнхий сайдаа томилж чадахгүй уддаг байлаа. Би хувьдаа Монголын ард түмэн энэ 20-иод жилийн хугацаанд олон Засгийн газар, Ерөнхий сайдын хувь заяанаас хараад сургамж авсан гэж боддог. Хүнээр бол манай парламент олон оймс элээсэн. Манай ард иргэд энэ 25 жилийн дотор олон оймс элээсэн. Одоо авах ёстой сургамжаа авъя. Үндсэн хуулийнхаа үндсэн зарчимд асуудлаа нийцүүлж ярья. Миний хэлэх гэсэн гол санаа үүнд чиглэж байгаа.

Засгийн газрынхаа хуульд өөрчлөлт оруулъя. Дэгийнхээ хуульд өөрчлөлт оруулъя. Би хуульчидтай ярьсан. Шинжээчидтэй ярьсан. Ингэж болохоор байгаа юм. Гарц байна. Ер нь асуудлын шийдэл бол муу хүнийг огцруулж хаяад, дараа нь ямар ч хариуцлагатайг нь мэдэхгүй хүнийг томилж орхиод, дахиад өмнөхөө давтаад сууж байхдаа биш. Муу жишгийг өөрчлөхдөө л байгаа юм. Муу жишгийг болж өгвөл сайнаар л өөрчилье.

Бид нураадаг, сүйтгэдэг, Засгийн газартай хариуцлага тооцох гээд Засгийн газраа тараагаад хаяад явдаг энэ муу жишгээ л сайнаар өөрчилье. Үүнийг л дэвшил гэж байгаа юм. Одоо бид Засгийн газартай, Ерөнхий сайдтай хариуцлага тооцохдоо энэ дэвшлийг хийх цаг болжээ. Энэ боломж байна.

Монгол Улс засгийн эрхийг хэнээр бариулах вэ, аль намаар бариулах вэ гэдгээ ард түмнээрээ шийдүүлдэг ийм л жамтай, ийм л хуультай. Сонгуулиар ард түмний дэмжсэн тэр гэрээний дагуу л бид ажилладаг. УИХ-ын гишүүд ч сонгогдоод ороод ирдэг. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд УИХ-ыг тараах санал оруулж болно гэж Үндсэн хуульд заалт бий. Би хувьдаа ийм санал хэзээ ч оруулахгүй. Дараагийн бүрэлдэхүүн сонгогдсоноор өмнөх бүрэлдэхүүн явах ёстой. Манай ард түмний сонголт энэ. Дараагийн Ерөнхий сайд тодорсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна. Манай Үндсэн хуульд ингэж л бичсэн.

Би энд нэг зүйлийг маш тодруулж хэлье. Манай УИХ бол их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн. Энэ бол бодит ард түмний төлөөлөл. Үндсэн хуульд нэг санаа байдаг. Ерөнхий сайдыг томилно гэж. Уг нь энэ томилох гэдэг санаа бол сонгох гэдэг агуулгатай байгаа юм.

Хэрвээ олон хүн ярилцаад, саналаа хураагаад шийдэж байгаа бол энэ нь сонгууль. Та нар бол ард түмний сонгуулиар гарч ирсэн. Тэгээд олуулаа ярилцаад Ерөнхий сайдыг шийддэг. Олон хүн ярилцаад, саналаа хураагаад шийдэж байгаа бол сонгууль. Нэг эрх мэдэлтэн эрх мэдлийнхээ хүрээнд шийдээд хүн томилж байгаа бол энэ нь томилгоо байгаа юм.

Уг нь УИХ бол ард түмнээ төлөөлөөд Ерөнхий сайдыг сонгодог. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, дараагийн гүйцэтгэх засаглалыг хэнээр удирдуулах вэ гэдгийг ард түмэн та бүхнийг сонгож, тэр эрхийг та бүхэнд төлөөлүүлж өгдөг. Яг ардчиллын утга, Үндсэн хуулийн маань утга ийм. Одоо бүгдээрээ энэ зам руугаа явъя.

Ардчилал гэхээр бие биетэйгээ талцаад, бие биеэ муулаад, татаж унагаад, аль нэг нь унаад, тэндээс таашаал аваад явдаг ийм сул тал бий. Гэхдээ нөгөө талд нь хамтарч ажиллаад, асуудлаа бүтээлч байдлаар шийдээд явдаг ийм туршлага, боломж байна шүү дээ. Одоо бүгдээрээ энэ рүүгээ оръё. Дараа нь ямар ч Ерөнхий сайд байсан ийм байдлаар асуудлыг шийддэг, энэ зарчим руугаа оръё. Энэ талаараа ярилцъя. Санал бодлоо уралдуулж ярилцъя.

Хамгийн том хариуцлагыг ард түмэн шийддэг. Нэгдүгээрт, ард түмэн сонгуулиар хариуцлага шийддэг. Ард түмнийг төлөөлж засагтай хариуцлага тооцдог байгууллага бол парламент. Энэ хариуцлага тооцдог хоёр хэлбэрээ бие биеэс нь ургуулж зөв харах ёстой.

Манай Үндсэн хуулийг баталж байсан, хамтарч оролцож байсан тэр хүмүүс ингэж л харж Үндсэн хуулийнхаа зарчмыг тохирсон байдаг юм. Тийм учраас энэ хэлбэр рүүгээ бид нар бүгдээрээ орох ёстой. Энэ ажлаа хамтарч хийе.

Өнөөдрийн энэ оройтсон хуралдаанаас гарахдаа бид нар хол ойр бүх хүмүүст нэг мессеж өгье. Санаа өгье. Монгол Улс бол бүтээлчээр засагтайгаа, Ерөнхий  сайдтайгаа хариуцлага тооцдог тогтолцоонд шилжиж байгаа юм байна. Нэг бүрэн эрхийн хугацаанд гурав, дөрвөн Ерөнхий сайдаа сольдог. Нэг сольж хаяад дараагийн Ерөнхий сайдынхаа эрэлд гардаг энэ байдлаа больж байгаа юм байна. Үнэхээр улс орныг авч явна, гүйцэтгэх засаглалыг толгойлно гэдэг бол үүнд бэлтгэгдсэн байх ёстой юм байна. Үүний төлөө улс төрийн нам нь, улс төрийн хүчин нь, парламент нь, Ерөнхийлөгч нь бүгдээрээ хариуцлагатай хандаж байгаа юм байна. Ийм л мэдээллийг гаргаж чадах юм бол бидний улс орныхоо нэр төрийг дээшлүүлье, итгэлийг бий болгоё гэдэг дээр сайн зүйл болно гэж би бодож байгаа юм.

Саяын үйл явцаас би харсан. 19 гишүүн болох гэж бас нэлээд удлаа шүү дээ. Гурав, дөрвөн сар болж байна шүү дээ. Манай гишүүд бас ойлгоод байна. Ер нь Засгийн газартай, Ерөнхий сайдтай ийм байдлаар хариуцлага тооцоод нэг их сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ гэдгийг ойлгоод байгаа юм. Дотроо хэнийгээ сонгуульд дэвшүүлэх вэ, хэнийгээ намынхаа жагсаалтад хаана нь бичих вэ гээд бараг л шодохдоо хүрч байж гарын үсгээ гүйцээсэн тухай яриа мэдээлэл байдаг шүү дээ. Нөгөө талд хүмүүс юу гэж ярьж байна вэ гэхээр бид асуудал тавибал АН-ын нөхөд хага үсэрнэ. Эвсэл нь хага үсэрнэ. Тэгээд Ерөнхий сайдаа өөрсдөө огцруулна гэж. Гэтэл долоо хоног завсарлага аваад сая бид нар харлаа. Тэгэхэд ийм үйл явц болохгүй л байна. Энэ бол  үнэхээр улс төрийн талбар дээр монголчууд, Монголын ард түмнийг төлөөлсөн хүмүүс сургамж авсныг харуулж байгаа юм. Үнэхээр хэрсүү болсныг харуулж байгаа юм. Үнэхээр зангарагтай болсныг харуулж байгаа юм. Одоо үүнийгээ хуулиараа, тогтолцоогоороо баталгаажуулаад явъя. Дахин дахин олон Ерөнхий сайдын хувь заяагаар, Засгийн газрын хувь заяагаар иймэрхүү байдлаар ханддагаа больё. Итгэлийг нь өгье. Ажиллуулъя. Шахаж шаардъя. Шахаж шаардах олон боломж байгаа. Үнэхээр хууль зөрчсөн, үнэхээр болохгүй бол түрүүн зарим гишүүн ярьж байсан, дараа нь хойноос нь явдаг, хариуцлага тооцдог байгууллага, тийм бүтэц Монголд бий шүү дээ гэж байсан. Монголд бий.  Ганцхан парламент дээр Ерөнхий сайдыг авч хаяад асуудал шийдэгддэг ийм байдал байхгүй гэдгийг хэлье. Энэ явж ирсэн байдалдаа өнөөдрийнхөө санал хураалтаар цэг тавиад, ард түмэндээ ч гэсэн итгэл өгөх хэрэгтэй.

Цаг хугацаа богино үлдсэн. Гэхдээ энэ богино хугацаанд хичээгээд ажиллах юм бол энэ УИХ-д шийдэх маш олон асуудал байгаа. УИХ хамтарч ярилцаад шийдэхээрээ сайн сайн шийдлүүд гаргаж чаддаг шүү дээ. Гадна дотнын хүмүүс сүүлийн 25 жилд хэлж байгаа. “Та нар хамартаа хүрэхээр усч гэдэг шиг үнэхээр асуудал Монголын хувь заяанд тулаад ирэхэд зөв шийдвэр гаргаж чаддаг юм байна. Монголчууд үнэхээр сонин улсууд юм. Нэгдэж чадах юм” гэж хэлдэг.

Одоо хэдүүлээ салж бутардаг дээрээ биш, нэгдэж нийлж асуудлаа бүтээлчээр авч явдаг энэ чиглэл рүүгээ оръё. Ийм байдлаар хариуцлагаа тооцдог, хариуцлагаа иж бүрнээрээ авч хардаг. Ийм хэлбэр рүү оръё. Энэ дээр хамтарч ажиллая. Та бүхэнтэйгээ ярилцъя. Бидний бодож байгаа дээр дутуу хөтүү зүйл байгаа бол түүнийгээ дахиж ярья. Та бүхний өнөөдрийн ярьсан хэлсэн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Өмнөх хуулиараа асуудлдыг сөхөж тавьж байгаа гишүүдийг энд буруутгах ямар ч шаардлага байхгүй. Тэр бол гишүүний эрх. Гэхдээ манай Үндсэн хуульд бүтээлчээр энэ асуудлыг шийдэх, бүтээлчээр хариуцлага тооцох, энэ сургамж авсан улс орнууд шиг тооцох, ийм боломж байгаа юм. Энэ дээр бүгдээрээ хамтарч ажиллая. Баярлалаа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж