Хоёр төсөл маргаан дагуулав

2016 оны 1 сарын 29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Дээрх тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг хоёр өөр тогтоолын төсөл өргөн мэдүүлж, будилаан хутгасан хэмээн буруутгалаа.

Эхний өргөн мэдүүлсэн тогтоолд 48 гишүүн тойргоос, ингэхдээ 34 нь орон нутгаас 14 нь нийслэлээс сонгогддог байхаар заасан аж. Харин долоо хоногийн дараа мэдүүлсэн төсөлд орон нутгийн мандатын тоог бууруулж, нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэхээр оруулж ирсэн байна. Энэ асуудлаар зарим гишүүн байр сууриа илэрхийлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооныхонд хариуцлага тооцох ёстой гэж байлаа.

Дээрх тогтоолын төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт горимын санал гаргасан юм. Тэрээр эхний мэдүүлсэн тогтоолыг суурь болгон хэлэлцье гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орон нутгийн мандатыг бууруулж болохгүй гэсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин, С.Одонтуяа нар хүн амаа дагаж мандат хуваарилагдах ёстой. Ийм өөрчлөлт оруулахад Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад хүн ам 2 сая гаруй байсан бөгөөд түүндээ нийцсэн төлөөллийг УИХ-д сонгодог байсан нь одоо хүн амын өсөлтөө хангахгүй болж ирж буй учраас парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооныхон тавьж, ард иргэдэд таниулж ойлгуулах цаг нь болсон гэдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хөндсөн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулинд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан байсан. Энэ заалтын дагуу өмнөх сонгуулийн тойрог, мандатыг ялгавартай тогтоож ирсэн. Жишээ нь, аймгийн дунджаар 40 мянга гаруй хүнд нэг мандат ногдож, нийслэлд 80 мянга гаруй хүнд нэг мандат ногдож байсан. Одоогийн үйлчилж буй хуулиар ялгавартай тогтоон гэсэн заалт нь байхгүй учраас улсын дундажтай адилтган 63 мянган хүнд нэг мандат олгох шаардлагатай болсон. Сонгуулийн тухай хуулийг УИХ, байнгын хороогоор хэлэлцэж байхад Сонгуулийн ерөнхий хороо энэ талаар санал тавих гэхэд хүлээж аваагүй.

Бидэнд саналаа хэлээд оруулах олон санал байсан.

Өмнө хийгдэж байсан тооцоллын дагуу энэ саналыг оруулж ирсэн” гэсэн тайлбар хийсэн юм.

Дээрх асуудалтай холбогдуулж гишүүд саналаа хэлэн улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад бүхий л саналууд унасан. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал тус бүр унасан.

Мөн Хан-Уул дүүрэгт Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгох санал унасны зэрэгцээ Дундговь, Говьсүмбэр аймаг нэг мандаттай байх санал ташраараа унасан юм. Гэхдээ энэ санал чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “босоод” ирэх бололцоотой.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна