18 аймгийн 98 сум цагаан зудтай байна

2016 оны 1 сарын 29

Улсын онцгой комиссын ээлжит хурал өчигдөр болж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар мэдээлэл хийжээ.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаанаар зудархуу байна. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар Засгийн газрын шуурхай бүлэг 2015 оны арванхоёрдугаар сард 21 аймагт ажиллаж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, 2015 оны 480 дугаар тогтоолоор нийт 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлжээ. Уг тогтоолоор батлагдсан шуурхай албаны үлйчилгээнд зориулж улсын нөөцөөс 10 автомашиныг Баянхонгор, Булган, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгуудад олгосон аж. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6,565 тн өвс, 2011-2014 онд бүрдүүлсэн 2,678 тн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олгоод байна. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэх ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас тендер зарлаж, аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүд автомашингүй, актлагдсан тул улсын нөөцөөс автомашин олгохыг хүссэн албан бичгүүдийг Улсын онцгой комиссын нэр дээр ирүүлсээр байгаа тул Монгол Улсын Засгийн газар өвөлжилт хүндэрсэн аймгуудад дахин улсын нөөцөөс хүн эмнэлгийн 20 автомашиныг шийдвэрлэж хүргүүлээд байгаа ажээ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна