НӨАТ-ын хоёр дахь сугалаа маргааш болно

2016 оны 1 сарын 30

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшуулал авах эрхтэй болсон төдийгүй сард хоёр удаа сугалаанд оролцож байгаа. Хууль хэрэгжээд удаагүй ч иргэд НӨАТ-ын тусгай кодтой баримтыг үйлчилгээ эрхлэгчдээс нэхэх болсон. Учир нь, жилийн турш худалдан авсан үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ирэх 2017 оны эхэнд авахын дээр сугалаанд оролцож азаа үзэх юм. НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа маргааш /01.31/ болно. Тиймээс бид Гааль татварын ерөнхий газрын НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас доорх тодруулгыг авлаа.

-Анхны сугалаанаас 1044 азтан тодорсон. Тэдгээр хүмүүс бүгд хонжвороо авсан уу?

-Одоогоор 180 хүн  л хонжвороо аваад байна. Хонжвороо аваагүй хүмүүс  ebarimt.mn сайтад нэвтэрч мөнгөө авах эрх нь нээлттэй. Гурван сарын хугацаанд хүчинтэй. Нэгдүгээр сарын 17-нд анхны сугалаа явагдсан. Тийм болохоор дөрөвдүгээр сарын 17 хүртэл хүмүүсийг баримтаа баталгаажуулахыг хүлээнэ. Хоёр дахь сугалаа энэ долоо хоногийн Ням гаригт урьдын журмаар явагдана.

-Гадуур дэлгүүр, худалдааны байгууллагууд НӨАТ-ын тусгай кодтой баримт өгч эхэлсэн. Харин ломбард, үсчин, такси зэрэг үйлчилгээнийхэн баримт огт өгөхгүй байгаа?

-Өгөх ёстой. Иргэд ч тэднээс нэхэх ёстой.

-Хувийн эмнэлгүүд ашгийн төлөө бус байгууллага гээд НӨАТ-ын баримт олгохгүй байгаа нь зөв үү?

-Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг. Тиймээс эмнэлгүүдэд төлсөн мөнгөний хоёр хувь буцаан олгогдохгүй гэсэн үг. Гэхдээ эмнэлгүүд тусгай кодтой баримт өгөх ёстой. Иргэд түүгээр сугалаанд оролцоно шүү дээ.

-Нотариатын үйлчилгээ эрхлэгчид ч мөн баримт хэвлэж эхлээгүй байна лээ?

-НӨАТ-ын урамшууллын тусгай кодтой баримтыг бүх байгууллагууд өгөх ёстой. Үүнд нотариат ч багтана. Гэхдээ хуулийн үйлчилгээ эрхлэгчид хуулийн үйлчлэх хүрээнээс хуулийн үйлчилгээг хасуулах хүсэлтээ Үндсэн хуулийн Цэцэд гаргачихаад байгаа. Нотариат, өмгөөлөл зэрэг үйлчилгээ эрхлэгчид энэхүү саналыг гаргасан юм билээ. Одоогоор энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц хараахан хэлэлцэж шийдвэрлээгүй хүлээгдэж байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна