П.Орхон алдарт Каори Ичог яллаа

2016 оны 1 сарын 30

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүллээ. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялан финалд шалгараад байсан юм. 

Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо эхний тойрогт С.Цэрэнчимэд, хагас шигшээд Э.Гантуяаг ялан финалд хүрсэн.

П.Орхон финалд дайчин барилдааныг үзүүлж, Японы алдарт бөхийг буулган авснаар И.Ярыгиний Гранприд түрүүллээ.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт П.Орхон энэ жиндээ 2016 оны улсын аваргад түрүүлсэн. Тэрээр энэ жил 23 настай.

Алдарт Каори Ичогийн 158 (172 гэсэн статистик тоог Дэлхийн бөхийн холбооноос гаргасан) дараалсан ялалтын цувралыг Монголын П.Орхон зогсоолоо.

П.Орхоны багш "Алдар" спорт хорооны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар юм.

И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдөж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна