Б.Одончимэг Японы Кудо Кайоког ялж, финалд үлдлээ

2016 оны 1 сарын 30

Б.Одончимэг Японы Кудо Кайоког 5:3 онооны харьцаагар буулган авч аваргын төлөө ОХУ-ын бөх Елена Перепёлкинатай барилдахаар үлдлээ-

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын ХХҮII дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, аваргууд тодорно.

Энэ цагт медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодорлоо. Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Б.Одончимэг мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдахаар үлдээд байна. Мөн таван бөх хүрэл медалийн төлөө барилдана.

Эмэгтэй 75 кг-ын жинд 10 бөх барилдсанаас Б.Одончимэг нэгдүгээр тойрогт хийлж, ОХУ-ын Алёна Афанасьеваг (9:6) хожин, мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы Кудо Кайоког 5:3 онооны харьцаагар буулган авлаа. Тэрээр аваргын төлөө ОХУ-ын бөх Елена Перепёлкинатай барилдана. Энэ жинд барилдсан Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө ОХУ-ын Виктория Фроловатай барилдахаар үлдээд байна.

Манай бөхчүүдээс 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, Б.Мөнхтуяа, 55 кг-ын жинд Б.Номин-Эрдэнэ, П.Шинэхүү нар хүрэл медалийн төлөө барилдана.

Энэ өдөр манай эрчүүдээс 61 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Э.Ням-Очир хоёрдугаар тойрогт, ОУХМ Б.Нэмэхбаяр эхний тойрогт хойд хөршийн бөхөд ялагджээ. Мөн 86 кг-ын жинд зодоглосон спортын мастер Б.Өлзийсайхан эхний тойрогт ОХУ-ын бөх Омараов Сулеймантай барилдан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

И.Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээний хоёр өдөр аваргын төлөө барилдахаар үлдээд байгаа ОУХМ Б.Одончимэг хэдхэн хоногийн өндөрлөсөн УАШТ-д түрүүлсэн юм.

АЛТЫН ТӨЛӨӨ:

Эмэгтэй 75 кг: Б.Одончимэг - ОХУ-ын бөх Елена Перепёлкина

ХҮРЛИЙН ТӨЛӨӨ:

Эмэгтэй 48 кг: /19 бөх/ Э.Нарангэрэл - Б.Мөнхтуяа

Эмэгтэй 55 кг: Б.Номин-Эрдэнэ - ОХУ-ын Алина Казымова

        П.Шинэхүү - ОХУ-ын бөх Виктория Шульгина

Эмэгтэй 75 кг: /10 бөх/ О.Бурмаа - ОХУ-ын бөх Виктория Фролова

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 19.00-с эхэлнэ.


ШУУД ҮЗЭХ ЛИНК: http://wrestrus.ru/news

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна