Зэвсэгт хүчний стратегийн цугларалт боллоо

2016 оны 1 сарын 30

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалт энэ сарын 26-ны өдөр эхэлж, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат Зэвсэгт хүчний дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ажлын тайлан, Зэвсэгт хүчний 2015 оны сахилгын дүнг танилцуулснаар цааш өрнөсөн юм. Цугларалтын хоёр дахь өдөр, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон уг арга хэмжээг албан ёсоор нээж үг хэлэв. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сонимпил оролцож үг хэлсэн юм. Энэ удаагийн стартегийн цугларалтад ХХЕГ, ОБЕГ-ын удирдах албаны хүмүүс оролцсоноороо онцлог. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгийнхээ эхэнд "Шинэ оны эхэнд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн цугларч, бодлогын болоод зохион байгуулалтын бусад асуудлаа ярилцаж байна. Миний хувьд хоёр дахь удаагаа оролцож буйдаа баяртай байна" гээд "Батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичиг батлагдсантэй холбогдуулан салбарын шинэчлэлийн талаарх бодлогын чанартай асуудлын талаар ярив. Бодлогын энэхүү бичиг баримт нь эдийн засаг, улс төр, эрх зүй, цэргийн зэрэг тулгуурт таван баганад түшиглэн хэрэгжих бөгөөд цаашид улам лавшруулан боловсруулах шаардлагатай гээд батлан хамгаалах бодлогыг нийт иргэдийн хүчээр хөгжүүлэхийг тодотгож байв. Тэрээр, "Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг эрх зүйн үндэс бүрдсэнийг дурдаад, БХЯ-ны үүрэг, чиглэл өөрчлөгдөж, өмнөх үеийн Цэргийн яам гэсэн уламжлалаа сэргээхийг ярианыхаа завсарт хөндсөн. Түүнчлэн, өнгөрсөн онд офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх болон аж ахуйн чиглэлээр хийсэн ажлуудыг тодорхой баримттайгаар өгүүлээд БХЯ, ЗХЖШ-т хийдэж буй цэргийн сургалт, бэлтгэлд ахиц гарсныг "Khaan quest" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуулиар жишээ болгоод олон улсын тавцанд монгол цэргийн чадавхийг өндөр үнэлж, байгаа энэ цаг үед "Монгол цэрэг-брэнд"-ийг ч бий болгож болохыг санал болгов. Сайд гадаад оронд зохион байгуулж байгаа богино хугацааны олон курс, дамжаануудын үр өгөөж хангалтгүй, хүрсэн түвшин, ахиц тааруу байгаад шүүмжлэлтэй хандаж, оронд нь ахиу хугацаагаар сургах, эрдэм шинжилгээний ажил хийх зэргээр нөхцлийг нь бүрдүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан. Түүнчлэн офицер, ахлагч нарын албан тушаалын орон сууцыг аль болох хувийн орон сууц болгох бодлого барьж буйгаа ч дуулгалаа. Энэ мэтчилэн хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, спортын арга хэмжээг хөхүүлэн дэмжих, агаарын цэргийн салбараа хуурай замын цэргээс дутахааргүй хөгжүүлэх зэрэг цөөнгүй асуудлын хөндөн ярьсан. ЗХЖШ-ын удирдлага Батлан хамгаалахын сайдад талархлаа илэрхийлж, цугларалтын сертификат гардуулж, төгсгөлд нь дурсгалын зураг татуулсан юм. Мөн өдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа "Цэргийн мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого ба төрийн цэргийн байгууллагууд" илтгэл тавьсан бол ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс ба Хилийн цэрэг", ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсэн ба Онцгой байдлын байгууллага" илтгэлүүдийг тус тус тавьсан. Цугларалтад оролцсон бүрэлдэхүүн энэ сарын 28-ны өдөр Хилийн цэргий 0303 дугаар тусгай салбарын үйл ажиллагаатай танилцаж, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын "Ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль"-ийг үзэж, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцав. Тэд 29-ний өдөр "Төрийн цэргийн байгууллагын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх үндсэн арга зам" сэвдээр бүлгийн болон нэгдсэн хэлэлцүүлгийн явуулж, төгсгөлд нь дүнгээ гаргаснаар энэ удаагийн Стратегийн цугларалт өндөрлөв гэж БХЯ-ын хэвлэлийн албаас мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна