Б.Одончимэг аваргаллаа

2016 оны 1 сарын 30

-Б.Одончимэг хагас шигшээд Японы Кудо Кайоког, финалд ОХУ-ын бөх Елена Перепёлкинаг ялан түрүүллээ-

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын ХХҮII дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, аваргууд тодорлоо.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэй 75 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Одончимэг аваргын алтан медалийг хүртлээ. Түүний хувьд финалд дэвжээний эзэн орны бөх Елена Перепёлкинаг ялан түрүүллээ.

Энэ жинд нийт 10 бөх барилдсанаас Б.Одончимэг эхний тойрогт хийлж, шөвгийн наймд ОХУ-ын Алёна Афанасьеваг (9:6), хагас шигшээд Японы Кудо Кайоког (5:3) ялан финалд шалгарсан юм. Манай бөх аваргын төлөө эзэн орны бөхтэй барилдсан ч олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө яллаа. Энэ жингийн хүрэл медалийг Гавьяат тамирчин О.Бурмаа хүртсэн юм. Мөн эмэгтэй 48 кг-ын жинд Э.Нарангэрэл хүрэл медаль хүртлээ.

И.Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог  ялан түрүүлсэн бол өнөөдөр манай хүнд жингийн шилдэг тамирчдын нэг Б.Одончимэг аваргын алтын медалийг хүртлээ. Манай эмэгтэйчүүд тус тэмцээнээс хоёр алт, зургаан хүрэл медаль авлаа.

Дэлхийн аваргын хүрэл медальт, И.Ярыгиний нэрэмжит Гранпригийн аварга Б.Одончимэг энэ оны УАШТ-д жиндээ түрүүлсэн юм.

Энэ өдөр барилдсан манай эрчүүдээс 61 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Э.Ням-Очир хоёрдугаар тойрогт, ОУХМ Б.Нэмэхбаяр, 86 кг-ын жинд Б.Өлзийсайхан нар эхний тойрогтоо ОХУ-ын бөхчүүдэд ялагджээ.

И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдлөө.

ШУУД ҮЗЭХ ЛИНК: http://wrestrus.ru/news

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна