Сонгуулийг зургадугаар сарын 29-нд товлолоо

2016 оны 1 сарын 31

-48 мандатын 12 мандат нь нийслэлд ногдон 1.3 сая гаруй иргэнийг төлөөлөн тойргоос ердөө 12 УИХ-ын гишүүн сонгогдох болж байна-

УИХ баасан гаригийн /2016.01.29-нд/ хуралдаанаараа УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр дээрх хоёр сонгууль нэг өдөр буюу ирэх зургадугаар сарын 29-нд зохион байгуулагдана. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг ирэх зургадугаар сарын 17-19-ний өдрүүдэд авахаар болов.

Сонгуулийн тойрог байгуулах, мандат тогтоох асуудал өнгөрсөн өдрүүдийн хамгийн маргаантай сэдвийн нэг байсан ч хуучнаараа үлдлээ. Өөрөөр хэлбэл, 48 мандатын 12 мандат нь нийслэлд ногдон 1.3 сая гаруй иргэнийг төлөөлөн тойргоос ердөө 12 УИХ-ын гишүүн сонгогдох болж байна.

Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудалтай холбоотой хоёр ч өөр агуулгатай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Эхнийх нь өнгөрсөн баасан гаригт батлагдсан хэлбэрээр, хоёр дахь нь 14 аймгийн тойргийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулж, нийслэлд шилжүүлэхээр, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон аймгуудыг тус бүр хоёр мандаттай байх тогтоолын төсөл мэдүүлсэн байлаа. Гэвч энэ хувилбар эхнээсээ дэмжлэг аваагүй. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд Дорнод, Завхан, Увс, Хэнтий аймгийн мандатын тоог тус бүрээр нэгээр бууруулж, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог тус бүр нэгээр нэмэгдүүлэх санал гаргасан нь дэмжигдээгүй. Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж нэг тойрог болгох гэснийг Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж нэг тойрог болгох, мөн нийслэлийн Хан-Уул, Налайх дүүргийг нэгтгэж нэг тойрог болгох санал гаргасан нь олонхын дэмжлэг авч чадалгүй унасан билээ.

Ингэснээр энэ асуудал үндсэндээ цөөнхийн барьж байсан жишгээр батлагдсан гэж хэлж болно. Олонхийн бүлгээс нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэх санаачлага гаргасан ч унасан нь бүлгийнх нь нэр бүхий гишүүд дэмжээгүйтэй холбоотой юм.

Мөн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулан баталлаа. Энэ нь Сонгуулийн хуульд нийцүүлсэн өөрчлөлт юм. Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх.

Төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байхаар хууль үйлчлэх болж байна.

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна