Үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав

2016 оны 1 сарын 31

Сар шинийн баяр угтсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвд болж байна.

Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 7-н хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт өчигдөр “Хүннү Молл” худалдааны төвд болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, МҮХАҮТ-ындарга Б.Лхагважав болон үйлдвэрлэгч, худалдан авагч иргэд оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд ажлын байр шинээр нэмэгдүүлэн, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж төр засгийн ачаанаас үүрэлцэж буй дотоодын үйлдвэрлэгчдээрээ бахархаж байгаагаа илэрхийллээ.

Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдан авалт хийснээр монголчуудын мөнгө монголдоо үлдэнэ. Өнгөрсөн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хандлага иргэдийн дунд эрчимжсэн. Монгол хүнд, монголын үйлдвэрт очиж байгаа таван төгрөг ч бай, 500 мянган төгрөг ч бай тухайн хүндээ хуримтлал болж, үйлдвэрлэлээ өргөжүүлж, хөгжүүлэхэд нь дэм болж байгаа. Монголд үлдэж байгаа хөрөнгө оруулалт гэдэг утгаараа маш их ач холбогдолтой. Аж үйлдвэрийн салбарт энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Үйлдвэрлэгчдээ дэмжиж, бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийж буй та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа” гэв.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа иргэдэд тав тухтай орчинд сар шинийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаагаараа онцлог. Тиймээс ч энэ жилийн үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг түлхүү оролцуулж, хямд үнээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгож байгаа аж. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс өндөр байдгаас болж тэр бүр үзэсгэлэн худалдаанд оролцож чаддаггүй. Тэгвэл Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгчдээ дэмжиж, хөнгөлөлттэй түрээсийн үнэ санал болгосноор орон нутгийнхан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд түлхүү оролцох боломжтой болжээ. Үзэсгэлэн худалдааг зорьж очсон хэн бүхэн хямд үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Үзэсгэлэн худалдаанд нийт хот, хөдөөгийн нийт  450 гаруй аж ахуй нэгж 1580 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцож байна.

Үзэсгэлэн худалдааг зорих бол Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл”  худалдааны төв чиглэлд хоёр  их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна