Эгейн тэнгист 39 хүн амь үрэгджээ

2016 оны 1 сарын 31

 

Турк улсаас Грек хүрэхээр явж байсан дүрвэгсдийн завь Эгейн тэнгист живснээс 39 хүн амиа алджээ. Хохирогчдын дунд хүүхдүүд байсныг Туркийн эргийн харуулынхан мэдээлж байна. Туркийн эргийн харуулынхан Айважик хотын эргийн ойролцоогоос 60 гаруй дүрвэгчийг аварч гаргасан аж. Өмнөх өдөр нь Грекийн арлын ойролцоо дүрвэгсдийн завь живснээс 26 хүн амь үрэгдсэн байв.

 

Турк улс нь дүрвэгсдийн урсгалд хяналт тавьж, тэдэнд санаа тавих амлалт дор Европын холбооноос өнгөрсөн жил гурван тэрбум еврог авсан. Туркт гурван сая орчим дүрвэгч амьдарч буйн олонх нь Сирийн иргэд  юм.

 

Олон улсын дүрвэгсдийн байгууллагаас мэдээлснээр 2016 он гарсаар Газар дундын тэнгисийг гатлан 55 мянга гаруй дүрвэгч Европт ирсэн байна. Гэвч Европт хүрэх замдаа 244 дүрвэгч тэнгист осолдож амь үрэгджээ. Европт өнгөрсөн 2015 онд сая давсан дүрвэгч ирсэн нь Европын холбоонд ихээхэн дарамт учруулж байгаа юм. Дүрвэгсдийн хэт урсгалд дарагдсанаас Европын комисс Шенгений бүсийг түр зогсоож, хилийн хяналтаа чангатгахаар ярилцаж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна