Н.Лхамгармаа түрүүлж, Д.Хүдэрбулга хос медальтан болжээ

2016 оны 1 сарын 31

-Францын “Гран-При” тэмцээнд Н.Лхамгармаа түрүүлж, Д.Хүдэрбулга хос медальтан болжээ-

Франц улсын нийслэл Парис хотын "Centre d’entrainement Olympique" спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын III дахь тэмцээн гурван төрлөөр эхэлж, эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Тэмцээнд Австри, АНУ, Беларусь, Бразил, Венесуэль, Грек, Гүрж, Иран, Испани, Колумб, Латви, Норвег, ОХУ, Португаль, Польш, Унгар, Чех, Финланд, Франц, Швед, Швейцар зэрэг орнуудын бөхчүүд өрсөлдөж байна.

Эрэгтэй 57 кг-ын жинд 13 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер С.Батболд нэгдүгээр тойрогт Унгарын бөх Жозеф Молнарыг 6:4, хоёрдугаар тойрогт Беларуссын бөх Асадулла Лачинауг 7:5 онооны харьцаагаар ялж, мөнгөн медалийн төлөө Ираны бөх Реза Ахмадали Атринагхарчид 2:14 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд Вэнэсуэлийн бөх Адама Диаттад 1:5 онооны харьцаагаар хожигджээ.

65 кг-ын жинд 22 бөх зодоглосноос олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай нэгдүгээр тойрогт спортын мастер Н.Лхамгармаатай таарч түүнд цэвэр ялагдаж, дагах барилдаанд Францын бөх Саркис Грегоряныг 10:0, Вэнэсуэлийн бөх Антони Монтерео Чириносийг 12:2 онооны харьцаагаар дийлж, хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Норберт Лукацтай барилдаж 6:4 онооны харьцаагаар хожжээ.

Спортын мастер Н.Лхамгармаа хоёрдугаар тойрогт Францын бөх Саркис Грегоряныг 5:0, гуравдугаар тойрогт Вэнэсуэлийн бөх Антони Монтерео Чириносийг 10:0 онооны харьцаагаар дийлж, мөнгөн медалийн төлөө Унгарын бөх Норберт Лукацыг 11:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулж, алтан медалийн төлөө барилдаанд Гүржийн бөх Георги Брегажег 19:8 онооны харьцаагаар ялжээ.

Спортын мастер Ц.Чингэс нэгдүгээр тойрогт Финландын бөх Петтери Мартикаиненд 7:8 онооны харьцаагаар дийлджээ.

97 кг-ын жинд 12 барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Бразилийн бөх Паоло Виктор Сантосыг 10:0 онооны харьцаагаар хожин мөнгөн медалийн төлөө Ираны бөх Аббас Мохамаднар Танантай өрсөлдөж, 6:4 онооны харьцаагаар хожин алтан медалийн төлөө Вэнэсуэлийн бөх Жозе Даниэль Робертититэй барилдаж ялагдаж тус тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж хос медальтан болжээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна