Л.Энх-Амгалан: Оюутолгой дээр 300 сая ам.долларыг алдсан

2016 оны 1 сарын 31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 26-нд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Оюутолгой төсөл дээр монголчууд ойлголцоогүйгээс хүүгийн өртөгт нь 300 сая ам.доллар алдсан тухай хэллээ. Энэ тухай тэрээр “ Хөгжлийн бодлогод эдийн засгаа яаж хөгжүүлэх юм, нийгмийн ямар хөгжил дэвшилд хүрэх юм, байгаль орчиндоо энэ хөгжил дэвшил нь ямар ээлтэй байх юм, хамгийн гол нь засаглалын хөгжлийн асуудал чухал байгаа. Нийт Монголын 3 сая иргэн, аж ахуйн нэгж бүрийн өмнө хүртээмжтэй байх ёстой. Өнөөдөр батлах гээд байгаа Хөгжлийн үзэл баримтлал дээр монголчууд нэгдсэн ойлголттой болж чадсан уу.

 

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын хүн амын 70 хувь нь социалист сэтгэлгээтэй байна. Ийм байхад яаж зах зээлийн нийгэмд ажиллаж амьдрах юм бэ?. Монголчууд бид хөгжлийн зөв замаар замнаж байна уу гэсэн асуултад 25 хувь нь зөв замаар, буруу замаар замнаж байна гэсэн нь 40 хувь, ямар замаар замнаад байгааг мэдэхгүй гэсэн нь 25 хувь байгаа. Энэ бол монгол хүний мөрөөдөл бий болоогүй байна. Энэ бүх асуудлууд бодлогод тусаагүй байна.

 

Өнөөдөр бид Тавантолгой дээр, Оюутолгой дээр ойлголцож чадаагүй, төмөр зам дээр ойлголцож чадаагүй. УИХ-ын танхимд байгаа 76 гишүүн бид үндэсний мега төсөл дээр ойлголцож чадаагүй сууж байна. Маш үнэтэй хэрүүл маргаан хийлээ. Жилдээ 4.5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татаж чаддаг байсан бол өнөөдөр хасах болгосон.

 

Оюутолгой дээр бид  хэрэлдсэнээрээ сүүлийн гурван жилийн зээлийн хүүгийн өртөг 300 сая ам.долларыг алдсан. Төмөр замаа барьж чадаагүйгээр эдийн засгаа элгээр нь хэвтүүлж Монгол Улсынхаа нүүрсийг өрсөлдөх чадваргүй болгосон.

 

Бүрэн эхээр нь үзэх: