МАН санасандаа хүрлээ

2016 оны 2 сарын 1

Засгийн газраар барьцаалсан МАН-ын улс төрийн гол акц нь Оюутолгой биш нийслэлийн мандатыг нэмэх тухай хуулийн төсөл байсан юм. Энэ асуудал дээр МАН, АН тохироонд хүрсэн хардлага өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд өдөлсөн нь үнэний ортой болох нь өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанаас харагдлаа.

НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн мандатын тоог 21 болгох хүсэлтийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барихдаа мандатын хуваарилалтыг нийслэл Улаанбаатарт 22, хөдөө орон нутагт 26 байх хуулийн төсөлт санаачилсан ч УИХ-ын босгыг давж чадсангүй.

Уг нь энэ төсөл дээр АН-ынхан нийслэлийн мандатыг нэмэх, МАН-ынхан хөдөө орон нутгийн мандатыг хэвээр үлдээх сонирхолтой байсан. Ардчилсан намын барьж байсан байр суурийг гуравдагч намууд илэрхий дэмжиж байсан хэдий ч чуулганы хуралдаан дээр энэ төсөл УИХ-ын дэмжлэг аваагүй нь АН, МАН тохиролцоонд хүрчээ гэсэн илэрхий хардлага төрөхөд хүргэсэн болов уу. Ардчилсан намын нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг унагахад оролцсон нь ийм хардлага ч төрүүлэхэд нөлөөлсөн биз. Аль алиных нь гаргаж тавьсан дүгнэлт нь үндэслэлтэй. Хүн амын тоо суурьшилт, нягтаршилтай холбоотойгоор нийслэлийн мандатыг нэмнэ гэсэн АН-ын бодлого уг нь зөв. Нөгөө талаасаа хөдөө орон нутгийг эзэнтэй үлдээх үүднээс мандатыг нь хасах ёсгүй хэмээн улс төрийн акц хийсэн МАН-ын эсэргүүцэл ч зөв. Эндээс гарсан эцсийн дүгнэлт нь Үндсэн хуулийг өөрчлөх явдал. Үнэндээ Н.Батбаярын гаргаж тавьсан УИХ-ын гишүүдийг тоог 99 болгох нь бэлгэдэл гэхээс илүү амьдралын бодит шаардлага байсан хэрэг шүү дээ.

Тогтоолд хоёр сонгууль нэг өдөр буюу ирэх зургадугаар сарын 29-нд зохион байгуулахаар тусгажээ. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг ирэх зургадугаар сарын 17-19-ний өдөр авах юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн чуулганы хуралдаанаар баталсан УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолд сонгуулийн тойргийн тоог хуучин хэвээр үлдээхээр болов. Ингэснээр Дорнод, Завхан, Увс, Хэнтий, Төв зэрэг аймгийн сонгуулийн тойрог хэвээр буюу хоёр мандаттайгаа үлдэхээр боллоо.

Тогтоолд хоёр сонгууль нэг өдөр буюу ирэх зургадугаар сарын 29-нд зохион байгуулахаар тусгажээ. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг ирэх зургадугаар сарын 17-19-ний өдөр авах юм байна.

Сонгуулийн тухай хуулийн дагуу 48:28 гэсэн холимог тогтолцоогоор сонгуулийг явуулахаар болсон.Тэгвэл 48 мандатын 12 нь нийслэлд ногдон 1.3 сая гаруй иргэнийг төлөөлөн тойргоос ердөө 12 хүн парламентад  сонгогдохоор болж байна.

Сонгуулийн тухай хууль, УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орууллаа. Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх гэнэ.

Төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байхаар хууль үйлчлэх болж байна.

Ийнхүү засгийг доргиох дээрээ тулсан МАН-ынхан засгийг огцруулж чадахгүй гэдгээ мэдэж байсан хэрнээ Оюутолгойгоор Ч.Сайханбилэгийг барьцаалан улс төр хийсний ашиг ямар байсан УИХ-ын сонгуулийн тойргийг хэвээр авч үлдэж чадлаа гэсэн гаргалгааг хийхэд хүргэж байна.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна