20 сая төгрөгийн азтан тодорлоо

2016 оны 2 сарын 1

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ны 19.30 цагт МҮОНТВ-ээр шууд цацагдсан НӨАТ-ын сугалаанд 3317 азтан тодорсон байна. www.ebarimt.mn сайтад 3,301,493 баримт бүртгэгдсэнээс 3317 азтан тодорсон байна. Тэдгээрийн сүүлийн гурван орон таарсан 2,990 азтан 20 мянган төгрөгийн азтан болжээ. Харин дөрөв ба түүнээс дээш орон таарсан баримтаар 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй шагналын сангийн эзэн болж байгаа юм.

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш худалдаанд гарсан баримтаар хязгаарлаж сугалааны тохирол явуулах боломжгүй. Бөмбөлөг хэдийн тоог гаргаж байна тэдгээр тоотой тохирсон баримт азтан болно. Бөмбөлгөөр гарч ирсэн найман орон дугаартай баримт худалдаанд гараагүй ч байж болох юм. Хэрэв ийм тохиолдол гарвал шагналын сан дараагийн тохиролд шилжинэ гэж холбогдох албаныхан мэдэгдэж байсан. Тиймээс энэ удаагийн тохиролд гарч ирсэн 20 сая төгрөг болон 200 сая төгрөгийн баримт худалдаанд гараагүй байвал шагналын сан дараагийн тохиролд шилжих юм.

Сугалааны тохиролд сүүлийн дөрвөн орон таарсан 287 баримт, сүүлийн таван орон таарсан 33 азтан, сүүлийн зургаан орон таарсан таван баримт, сүүлийн долоон орон таарсан нэг баримт эзнийгээ азтан болгожээ.

Сүүлийн долоон орон болох 5577825 дугаар таны баримттай тохирч байвал 20 сая төгрөг

Сүүлийн зургаан орон болох 577825 дугаар таны баримтын дугаартай тохирч байвал 4 сая төгрөгийн таван азтан болох нь.

Харин супер шагналын эзнээр 48830941 баримтын дугаартай нэг худалдан авагч азтан болж 200 сая төгрөг хожих боломжтой болжээ.

Өмнө нь буюу нэгдүгээр сарын 17-нд 1169 баримт эзнээ азтан болгожээ. Одоогийн байдлаар 160 азтан хонжвороо дансандаа шилжүүлэн авсан гэж Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн. Тиймээс иргэд www.ebarimt.mn сайтад баримтаа бүртгүүлэхийг уриалсан юм.

Дараагийн сугалааны тохирол МҮОНТВ-ээр хоёрдугаар сарын 7-нд шууд цацагдах юм байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна