Сирийн хэлэлцээ эхэллээ

2016 оны 2 сарын 1

 

Өнгөрсөн долоо хоногийн дэлхийн улс төрийн том үйл явдлын нэг болох  Женев  хотноо эхэллээ.  Хэлэлцээрийн хүрээнд  Сирийн иргэний дайн  шууд зогсохгүй нь мэдээж.  Гэхдээ  хичнээн хугацаагаар хэлэлцээр үргэлжлэхээс үл хамааран Ассадын засгийнхан, тэдний сөрөг хүчин болж байгаа бүлэглэлүүд, сонирхогч талуудын хамт цугларч асуудлыг шийдэхийг оролдож байгаа нь  нэг том дэвшил юм.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Стаффан де Мистура гэдэг хүн энэ хэлэлцээрийг явуулах гол зуучлагч болж байна.  EPA/MARTIAL TREZZINI ЖЕНЕВА, Нэгдүгээр сарын 31.

 

Сирийн сөргөлдөөн ба түүнийг зохицуулах үндсэн шатнууд

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн оны сүүлчээр Сирийн сөргөлдөөнийг зохицуулах тогтоолыг санал нэгтэйгээр батлан сүүлийн таван жилд уг асуудлаар тохиролцож чадсан юм.

 

Ойрхи Дорнод, Хойд Африкийн эрх баригч дэглэмүүдийг унагасан нь исламын хэт давалтыг өргөжүүлж хүчирхийллийг өдөөж байгаа юм. Арабын хувьсгалаар Сирийн жагсагчид эхлээд Башар Ассадыг огцрохыг шаардсан юм. 2011 оны наймдугаар сарын 4-нд  Ассад тус оронд олон намын систем тогтоосон тунхгийг  батлан бүх нийтийн сонгууль явуулахаар болов. Гэтэл эсэргүүцлийн жагсаал үргэлжилж армийг тэдний эсрэг хэрэглэх болжээ. 2011 оны сүүлчээр сөргөлдөөнд үрэгдэгсдийн тоо 5000 мянга орчим хүн болсон байлаа. 2012 онд Ассадын дэглэмийг эсэргүүцэгчдийн дунд  анхны хэт даврагч бүлэглэл гарч ирэн тэднийг гадны хөлснийхөн дэмжих урсгал  нэмэгдсэн билээ.

 

Сөрөг хүчин, хэт даврагчдын исламын бүлэглэлтэй хийж байгаа мөргөлдөөнийхөө явцад Ассад дотоод улс төрийн шинэчлэл хийх гэсэн юм. 2012 оны тавдугаар сарын 7-нд Сирид анхны олон намын оролцоотой сонгууль явагдаж, ерөнхийлөгчийг дэмжих “Үндэсний эв нэгдэл эвсэл ялсан байв.  Гэлээ ч тус оронд хүчээ авсан сөргөлдөөн хохирогчид болон дүрвэгсдийн тоог эрс нэмэгдүүллээ.

 

"Женев-1" ба "Женев -2"

 

Швейцарийн Женев хотод 2012 оны зургадугаар сарын 30-нд Сирийн асуудлаар анхны олон улсын бага хурал ("Женев-1") явагдлаа.  Түүнд нь Их Британи, Хятад, Орос, АНУ, Франц зэргийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн оролцсон юм. Мөн хуралд Турк, Катар, Иракаас  гадна Европын холбооны дипломатын албанй тэргүүн Кэтрин Эштон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун оролцлоо. Энэ хурлаар “Үйл ажиллагааны групп” гэсэн тунхаг гарсан билээ. Тэнд Сирийн хямралыг зохицуулах үндсэн зармыг тодорхойлсон юм. Эвслийн засгийн газар байгуулж түүнд  сөрөг хүчний төлөөллийг оруулах, Сирийн  Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг авч үзэх, ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулан төрийн захиргааг шинэ бий болгох зэргийг зааж өгсөн байлаа.

 

2013 оны гурав ба наймдугаар сард  байлдагч талууд бие биенийгээ химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгав. Дамаскийн зүүн дүүргийн Гута  хотыг химийн сумаар буудсаны улмаас 280-1700 хүн  амь үрэгдсэн гэх янз бүрийн эх сурвалжийн мэдээ байдаг.  Харин энд Оросын дипломатуудын  идэвхтэй ажиллагааны явцад  химийн зэвсгийг нь устгах талаар Сирийн засгийн газартай тохиролцоо хийж чадсан юм. Есдүгээр сард нь Сири химийн зэвсгийг устгах конвенцид нэгдлээ.

 

Швейцарийн Монтре хотноо 2014 оны нэгдүгээр сарын 22-нд  Сирийн асуудлаар олон улсын хоёр дахь бага хурал ("Женев-2") явагдаж, 39 орон, олон улсын байгууллагууд оролцлоо. Тэнд анх удаагаа Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид  байлаа. Тэд анхны  шууд хэлэлцээрийг хоёр үе шаттайгаар явуулсан юм.

 

Сонгуульд Ассад ялав

 

Зэвсэгт тэмцэл үргэлжилж байсан ч Сирид анхны  альтернатив сонгууль  явагдан түүнд 88,7 хувийн саналаар Ассад ялжээ. АНУ болон барууныхан  ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байгаа юм.  Наймдугаар сард байгуулагдсан засгийн газрын хуучин  танхим бараг тэр чигтээ үлдлээ. Сөрөг хүчин засгийн газарт оролцохгүй гэсэн юм.

 

Сирийн байдал “Исламын улс” гэх хэт даврагчдийн  бүлэглэлийн ажиллагааны улмаас  улам хүндэрлээ. Тэд өнөөдрийн байдлаар Сирийн нутгийн 50 орчим хувьд хяналтаа тогтоогоод байгаа юм. 2014 оны есдүгээр сарын 23-нд АНУ-ын толгойлсон олон улсын эвслийн хүч  засгийн газартай нь тохиролцоо хийлгүйгээр Исламын улс бүлэглэлийн Сири дэх байрлалыг бөмбөгдөж эхэлсэн байна.

 

Сирийн   сөргөлдөгч талуудын  зөвлөлгөөг Москва, Каир, Астанад явуулахаар 2015 онд оролдсон ч олигтой амжилт гарсангүй.  Үүний зэрэгцээ  өнгөрсөн оны нэгдүгээр сараас Сирийн химийн завсгийг устгах ажилл үргэлжлэн төгссөн юм. Химийн зэвсгийн хориглох олон улсын байгууллага үүний хяналтыг хийсэн билээ.

 

Дараа нь есдүгээр сарын  30-наас Сирийн засгийн газрын хүсэлтээр Оросын Агаар, сансрын хүчин Сири дэх Хмеймим баазаас “Исламын улс бүлэглэлд зэрэг террористуудыг бөмбөгдөж эхэлсэн юм.  2015 оны наймдугаар сарын 7-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл  Сирийн  иргэний дайнд химийн зэвэг хэрэглэсэн  хариуцлагатнуудыг   тодруулах тухай 2235 дугаар тогтоолыг батлав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 18-нд Сирийн сөргөлдөөнийг зохицуулах тогтоолыг санал нэгтэйгээр батлан сүүлийн таван жилд уг асуудлаар  тохиролцож чадсан юм.

 

Үүний үр дүнд Сирийн асуудлыг зохицуулах “Женев-3” хэлэлцээр эхэлж байна. Сирийн сөргөлдөгч талууд, сонирхогч улс орнууд оролцож байгаа юм.  Энэ хэлэлцээр хүндхэн явагдах буюу эсвэл тасрах магадлал өндөр.  Түүнд сөрөг хүчнээс суннитийн төлөөллийн  оросуудын террорист гэж үздэг "Жейш аль-Ислам" бүлэглэлийг оруулж байна. Мөн оросуудын  хүсэлтээр курдын  төлөөлөгчид ч оролцох юм. Саудын Арабт  цугларсан байсан сөрөг хүчний  бүлэглэлийнхнээс суннитийн төлөөлийн  бүлгүүд  хэлцээрт оролцох болж байгаа нь Ойрхи Дорнодын олон  туйлт үзэл санааг илэрхийлж буй. Энэ хэлэлцээр хагас жилийн дотор  ерөнхий зохицлыг хийж байр сууриа ойртуулах үүрэгтэй. Үүний дараа жилийн  турш  толуудын бүрэн тохиролцоо хийгдэх ёстой.

 

Эвлэршгүй талууд тус тусын танхимаар хуваагдан тэдний зуулчлалын гол сонирхогчид НҮБ, АНУ, Орос  зэрэг явуулж эхэллээ. Хэлэлцээр бүтэлгүйтвэл “Исламын улсад” ихээхэн хүчтэй  цохилт өгч буйгаараа өрсөлдөгч АНУ-ын эвлэл, ОХУ  зэрэг л барьцаалагдсаныхаа хувьд хүндрэлд орно.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна