Хаваржилт хүндэрч болзошгүй

2016 оны 2 сарын 1

Нэгдүгээр сард ид тачигнаж байсан хүйтний эрч суларч, тавьсан будуу хөлддөгүй гэх таван есын өдрүүд үргэлжилж байна. Хэдийгээр хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гарахад 9 хоног үлдсэн ч цагаан мичин жилийн зуд хавартаа нүүрлэж магадгүй байгааг зурхайчид сануулах болсон.

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан судалгааг харахад энэ сард хүйтний эрч бага зэрэг сулрах бололтой.

Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур  1981-2010 оны  дунджаар Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйх аж. Сүүлийн арваад жилүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд ялангуяа 1990, 1993, 1995, 1998, 1999, 2002-2004, 2007 онуудад 3-9 градусаар дулаан байж өдөртөө говийн нутгaaр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарч байжээ. Харин 1988 онд нутгийн өмнөд хагаст, 2001 онд нутгийн зүүн хагаст,  2008 онд нутгийн баруун хагаст, 2005, 2010 онд бүх нутгаар, 2012 онд баруун ба төвийн нутгаар, 2013 онд нутгийн төв хэсгээр олон жилийн дунджаас 4-10 градусаар хүйтэн болж, шөнөдөө Увс, Зaвхaн,  Хөвсгөлийн нутгаар 43-48 градус, Бaянхонгор, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр 37-43 градус, 2005, 2010 онд Увсын Тэсэд, 2008 онд Завханы Отгон суманд 50 градус хүрч хүйтэрч байжээ.

Олон жилийн дундаж байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Архангайн хойд, Увс, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Хөвсгөлийн зүүн,  Булганы баруун, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн, Сүхбаатарын баруун  өмнөд хэсгээр 0.2-1.3мм, бусад нутгаар 1.5-3.4 мм цас орж Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар, 2004, 2009 онд нутгийн төв болон зүүн хэсгээр, 2006, 2011 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.

Энэ сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол олон жилийн дунджаар  Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар жил бүр 1-2 удаа, зарим жил 6-8 удаа тохиолддог бол бусад нутгаар 10 жилд 4-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 2005 онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Архангайн нутгаар, 2007 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрсэн байна. 2005 онд говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч, 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч зөвхөн Дорнод аймгийн хэмжээнд л 2000 орчим толгой мал хорогджээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна