Д.Лхагвасүрэн: Дэлхийн ихэнх орнуудын худалдаа 2011 оноос хойш өсөөгүй

2016 оны 2 сарын 1

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, Канадын Конкордиа Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимын ассошэт профессор, Д.Лхагвасүрэнтэй дэлхийн болох Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.  

-Эдийн засгийн нөхцөл байдлыг ярихын тулд гадаад, дотоод хүчин зүйлсээ ялгах нь зүйтэй байх. Хоёулаа дэлхийн зах зээлээс яриагаа эхэлье.

Өнөөдөр дэлхийн зах зээлийг хоёр том хүчин зүйл тодорхойлж байна. Нэгдүгээрт, зээл өмнөх шигээ их амархан олдохоо больсон байна. Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Холбооны Банк хүүгээ нэмсэнтэй холбоотой. Урт хугацааны зээлийн хүү нилээн хүчтэй өсөх дохио бий болчихлоо.  Хоёрдугаарт, бидний хамгийн их хамаардаг, урд хөршийн маань эдийн засгийн байдал илүү  тодорхойгүй болж байна. Зарим эдийн засгийн тоонууд нь будлиантай гэсэн яриа ч гарсан. Энэ хоёр хүчин зүйлээс болоод дэлхийн ихэнх орнуудын эдийн засаг тийм сайнгүй байна гэсэн үг дэлхийн хэвлэл мэдээллээр их яригдаж байна.

-Өнгөрсөн 7 хоногт Хятадын эдийн засгийн 2015 оны 4 дүгээр улирлын тайлан мэдээлэл гарсан. Энэ тайланд аж үйлдвэрийн салбар нь бууралттай гарсан байгаа. Мэдээж энэ манай эдийн засагт нөлөөлж байгаа байх?

-Хятадын аж үйлдвэрийн салбарын нөхцөл байдлыг манай түүхий эдийн үнэ гэж ойлгож болно. Хятадын аж үйлдвэрийн салбар нь өсөлтгүй, үл хөдлөх хөрөнгө нь эрэлт багатай байх нь манай түүхий эдийн үнэд муугаар нөлөөлнө. Дан ганц манайх ч биш, эрдэс баялгаа экспортлодог Австрали, Африкийн зарим улс орнуудад Хятадын эдийн засгийн үзүүлэх нөлөө их.

Дэлхийн худалдаа 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас болоод 15 хувиар унаж байсан. Гэхдээ энэ уналтаасаа жилийн дотор л гарч байсан. Харин одоо байдал тэр үеэс улам муудсан.  Үндсэндээ 2012 оноос хойш олон улсын худалдаа байнгын уналттай явж ирлээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн худалдаа 4 жил тасралтгүй уруудаж байгаа. Дэлхийн худалдаа унаж байна гэдэг нь Хятадын аж үйлдвэр улмаар Монголын түүхий эдэд маш муугаар нөлөөлнө гэсэн үг. Дэлхийн улс орнуудын худалдаа хасах 15 хувь дээрээ хичнээн удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү. Олон улсын худалдааны үзүүлэлт нь дэлхийн эдийн засгийн байдал, ялангуяа монголын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлж байна гэж үзэж болно.

-Улс орнуудын эдийн засгийн байдал хавтгайдаа сайнгүй байна. Бусад орнуудтай харьцуулбал Монголын давуу тал юу вэ?

-Хятад дангаараа дэлхийн эдийн засгийн 15 хувийг бүрдүүлдэг. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1 хувийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтөөс хамаагүй өндөр байгаа. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг Хятад улс худалдаж авдаг болохоор тэдний эдийн засгийн өсөлт нь бидэнд давуу талыг бий болгож байна. Чили, Австрали, Замби гээд манайхтай адил түүхий эд гаргадаг улсуудад байдал бүр хүнд байгаа. Жишээлбэл, Чили бол төсвийн их сахилга баттай, зэсийн салбарын менежмент сайтай гэж яригддаг улс. Тэдний эдийн засаг өмнө нь 6 хувиар өсдөг байсан бол энэ жил дөнгөн данган 2 хувиар өсөж байна.

-Монголын энэ жилийн болон ирэх жилүүдийн эдийн засгийг Та яаж харж байна вэ? Дэлхийн банкнаас өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлэл хийсэн. 2016, 2017 онд эдийн засаг сэргэхгүй 2018 оноос жоохон дэвшил гарч 2020 оноос эдийн засаг сэргэнэ гэж тодорхойлсон байсан.

-Дэлхийн банкны тоонууд их хурдан өөрчлөгддөг. Наадмын өмнө гаргасан таамаг нь 4 хувь байсан. Гэтэл хэдхэн сарын дараа Дэлхийн банк энэ тоогоо 5 дахин бууруулж 0.8 хувь болгосон.  Тийм болохоор Дэлхийн банкны тоо дахиад ч өөрчлөгдөж магадгүй шүү. Нөгөө талаасаа энэ тоо хэт их өөрчлөгдөж байгаа нь манай эдийн засгийн үндсэн мөн чанарыг харуулж байна гэсэн үг. Манай улсад аж үйлдвэр, уул уурхайн салбар бодит хэмжээгээрээ харьцангуй гайгүй байгаа ч үйлчилгээний салбар буюу ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд ажил эрхлэлт санаа зовоож байгаа асуудлын нэг. Гэхдээ өнгөрсөн 12 дугаар сарын тоог харахаар шинээр ажилд орсон хүмүүсийн тоо 1 хувиар өссөн байна. Энэ өсөлт бол сүүлийн 2 жил гаруй хугацаанд хүлээж байсан эерэг мэдээ. Ямар ч улсад ажил эрхлэлт нь хамгийн чухал индикатор байдаг.

-Хүмүүсийн ид сонирхож байгаа асуудал бол Ипотекийн зээлийн хүүг 5 хувьд хүргэх асуудал. Гурван сард шийднэ гэсэн мэдээлэл яваад л байна. Энэ яг бодит эдийн засагтай нийцэж байна уу?

-Эдийн засгийн хүндрэлийн хувьд хүүг бууруулдаг болохоос хүүг өсгөдөггүй. Хүүг тогтмол бариад  суугаад байх уу гэдэг бас бидний шүүмжлэлтэй хандах асуудал.

Манай эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ, барилга гэсэн хэдхэн том салбартай. Эдгээрээс өнөөдөртөө хөрөнгө оруулалт хийж болох салбар нь барилгын салбар л байна. Орон сууцанд орох гэсэн хүмүүсийн эрэлт, хэрэгцээ ч их байна. Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь байранд орох хэрэгцээтэй байна. Мөн хөдөө орон нутагт хүмүүс байранд орох ёстой. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд ипотекийн зээл л чухал. Нөгөө талаас дотоодын барилгын материалын үйлдвэрлэл хөгжөөд барилгын салбарын зардал ч огцом буурч байгаа нь маш сайн хүчин зүйл.   

2013 оны зун бид Ипотекийн зээлийг эхлүүлэхдээ цоо шинэ эдийн засгийн орчин бий болгосон. Үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээл гэдэг маш чухал. Ипотекийн зээл болон барилгын салбар нь бидэнд ажил эрхлэлтийг өөд татах боломж олгож байна.

-Эдийн засгийн хувьд ямар нөлөөлөл үзүүлдэг ч бай, 5 хувийн асуудал бол иргэдийн амьдралд илүү хүлээлттэй байгаа гэгээлэг мэдээ. Долларын ханшийн талаар Танд ямархуу ойлголт байна. Төгрөгтэй харьцах ам.доллар 2000 гараад явчихлаа.

-Ам.долларын ханш 1950 байж байгаад 2000 болж эхний орон нь өөрчлөгдөж байгаа нь сэтгэл санааны хувьд их өөрчлөлт болж байгаа байх. Гэхдээ процентийн хувьд бол жижигхэн өөрчлөлт. Долларын ханш манайд харьцангуй тогтвортой байна. Жишээ нь, бид Орос болон   Венесуэлийн мөнгөн тэмдэгтүүдтэй харьцуулж болно. Мөн уул уурхайн ихтэй Канадын доллар ч гэсэн унасаар байна.

2015 оны 12 дугаар сард АНУ-ын Холбооны Банк хүүгээ өсгөхөд манай төгрөгийн ханшид огцом нөлөөлөөгүй. Энэ нь манай ашигт малтал, уул уурхайн салбарын ирээдүйн хүлээлт, хөрөнгө оруулалтын талаар хүмүүс харьцангуй эерэг ойлголттой байгаагийн шинж гэж би бодож байна.

Б.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна