Орос, монгол иргэд хил зөрчих нь нэмэгджээ

2016 оны 2 сарын 1

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хилийн хэсэгт хил зөрчих явдал өмнөх жилийнхээс 18.7 хувь өссөн байна.

Тухайлбал,  өнгөрөгч сард  ОХУ-ын талаас тус улсын гурван иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын хилийг зөрчин нэвтэрсэн хэрэг гарчээ. Мөн Монгол талаас найман удаагийн үйлдлээр 31 иргэн ОХУ-руу хил зөрчсөн бол хилээр 617 тооны  мал хил давсан буюу хилд тулсан зөрчлийг илрүүлж шийдвэрлэсэн байна. Тус хилийн цэргийн анги нь ОХУ-тай хиллэсэн 241 км хэсгийг хариуцан ажилладаг бөгөөд дээрх хэсэгт ой мод ихтэй байдаг тул ой хээрийн түймрийн эрсдэл ихтэй гэж тус ангийн захирагч ярьжээ. Өнгөрөгч 2015 онд зөвхөн ОХУ-ын талаас гэхэд 15 удаагийн ой хээрийн түймэр гарснаас хоёр түймэр хил дамнан гарсан байна. Харин ОХУ-аас хууль бусаар хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан хэргүүд гарах болжээ. Мөн Монгол талаас шонхор шувууг хил давуулахыг завдсан хэрэг ихэссэн бөгөөд  хилийн цэрэг, тагнуул, цагдаагийн алба хаагчдын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Ханхын боомтоор 40 ширхэг шонхор шувуу  хил давуулах гэж байсныг илрүүлсэн байна. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн заставийн хариуцсан хэсэгт гарч болзошгүй хэмээн албаныхан мэдээлжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна