Иракт 861 сая ам.долларын тусламж хэрэгтэй

2016 оны 2 сарын 1

 

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг дайны улмаас Иракт үүссэн нөхцөл байдалд энэ 2016 онд 861 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн сан байгуулах шаардлагатай хэмээн НҮБ мэдээлэв. Газрын тосны үнэ унаснаас Иракийн төсвийн орлого буурсан энэ үед засгийн газраас 10 сая хүнд тусламж хэрэгтэй байгааг мэдээлжээ. Иракийн засгийн газраас 1.56 тэрбум ам.долларын тусламж хүссэн ч НҮБ 861 сая ам.долларын сан байгуулахаар зарласан байна. Иракийн засгийн газар өнгөрсөн жил орон гэрээ алдсан гэр бүлүүдийг түр хорогдох газраар хангахад 850 сая орчим ам.долларыг төсөвлөсөн боловч ердөө 60 гаруй хувийг нь бүрдүүлж чаджээ. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улс агаараас цохилт өгч эхэлснээс хойш Иракийн 3.3 сая хүн орон гэргүй болж, 10 сая хүнд яаралтай тусламж шаардлагатай байгаа гэнэ.

 

“Исламын улс” бүлэглэл 2014 оноос хойш Иракийн баруун болон хойд хэсгийн газар нутгийг эзэлж хяналтаа тогтоогоод байгаа аж. Түүнчлэн исламын хэт даврагчид хөрш Сирийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлснээр исламын халифатыг тунхагласан юм. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Иракт АНУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн эвсэл агаарын цохилт хийж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна