Монгол Улсын Их Хурлын даргын илгээлт

2016 оны 2 сарын 1

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛД ОРОЛЦОГЧДОД ИЛГЭЭЛТ

Монгол Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн I тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдийг томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан билээ. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-д заасанчлан "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага” юм.  

Монгол улсын Хүний эрхийн Комисс үүсэн байгуулагдсанаас хойш энэхүү 15 жилийн хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн биелүүлж, хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний байгууллага болон төлөвшиж чаджээ. ХЭҮК нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны гол цөм болон ажиллаж байгааг энд сайшаан тэмдэглэж байна. 

Энэхүү 15 жилийн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комисс нь олон улсын болон бүс нутгийн хүний эрхийг хамгаалах тогтолцооны хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа эхлэн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооноос гурван удаа “А” статустай магадлан итгэмжлэгдсэний зэрэгцээ тус хорооны шийдвэр гаргах үндсэн бүтэц болох Товчооны гишүүнээр сонгогдсон, 2015 оны 08 дугаар сараас эхлэн Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганыг даргалан ажиллаж байгаа зэрэг олон улсын тавцанд гарч буй ажил хэргийн харилцаа, нэр хүндийг энд онцлон хэлэхийг хүсэж байна. 

Тиймээс ч НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан хатагтай Нави Пиллай “Монгол Улсын ХЭҮК нь үүсэн байгуулагдсанаас эхлэн 13 жилийн турш “А” үнэлгээтэй ажиллаж буй нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын хувьд том амжилт” хэмээн 2013 онд цохон тэмдэглэсэн байдаг. 

Монгол Улсын Их Хурлын хувьд хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг Монгол Улс соёрхон батлах, хэрэгжүүлэх санаачлагыг тууштай дэмжин ажилладаг бөгөөд энэ хүрээнд 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протокол болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай протокол, 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын нэмэлт II протокол, 2013 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт III протокол, 2014 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг тус тус соёрхон баталсан байна. Энэ нь хүний эрхийн олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсад даган мөрдөх, олон улсын хүний эрхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн урагшлахад чиглэсэн бодлогын үндсэн дэвшил гэж харж байна.

Монгол Улсын Их Хурал нь байнгын хороо зэрэг өөрийн үндсэн бүтцээрээ дамжуулан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлийг  хэлэлцэж, хүний эрхийг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулж, зохих шийдвэр гарган ажиллаж байна. 

Мөн Улсын Их Хурлын тогтоолын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймаг бүрт Хүний эрхийн Үндэсний Комиссын Ахлах мэргэжилтнийг ажиллуулах болсон нь хүний эрхийн байгууллага үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах, хөдөөгийн ард иргэдэд хүрч үйлчлэхэд гарсан чухал алхам болсон. 

Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил” онол, практикийн хурал зохион байгуулж, хамтран ажиллагч төр, төрийн бус байгууллага, хүний эрхийн хамгаалагчид, идэвхтнүүдийн хамт өөрийн амжилт, алдаа дутагдлаа дүгнэн хэлэлцэж байгааг сайшаахын хамт цаашид Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх талаар олон чухал асуудлыг хөндөн, цаашдын хөгжил, төлөвлөлтөнд тусган зохих үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна.

“Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил” онол, практикийн хурлын оролцогчид Та бүхэнд болон хүний эрхийг сахин хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэхийн төлөө мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй Комиссын үе үеийн дарга, гишүүд, ажилтнуудад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе!

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

 

Улаанбаатар хот

2016.02.01

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна