Хаврын өнгө, жилийн өр

2016 оны 2 сарын 1

“Шинэ жил баяртай” гэж хэлж амжаагүй баярлах зуурт “Амар байна уу” гэсээр цагаан сар ирлээ. Хоёр сарын тэртээгээс залхтал шинэ жилийн мэндчилгээ сонссон чих ахиад л “Сайхан битүүлээрэй” гэх үгийг сар сонсч байх шив. Шинийн таванд бас нэгэн баяр тохиох нь хууль бусаар гэрлэлт бүртгэсэн, санваартан гэхээсээ илүүтэй гэмт хэрэгтэн ламын баярын реклам залхаан цээрлүүлнэ. Цагаан сарын бууз өндөр үнэтэй рестораны гахай, шувууны махаар солигдож, бэлэг сэлт улаан сарнайн “үхлээр”, хөгшдийн баяр залуусынхаар солигдоно. Араас нь сэхэл авч амжаагүй байхад “Март-8” гэсээр залуус эмэгтэйчүүдэд халаагаа өгнө. Ингээд л баярын урвал үргэлжилнэ.

Харин бид ураг төрөл, уламжлалт ухаанаа мэдэлцдэг цагаан сараа дэндүү нижгэр, бүр нүсэр тэмдэглэнэ. Боломж, бололцоогоо тооцохоос илүүтэй “Муугийн ёс биш Монголын ёс” гэх зөвтгөлөөр сохорно. Сарын орлогоо, дээр нь өр тавьж байгаад сараа сайхан гаргахыг эрхэмлэнэ. Өнгөө тодорхойлох гээд өрөнд унана.

Өрхийн гишүүдийнхээ хэдэн сарын хүнсний хэрэгцээний мөнгийг хэдхэн өдрийн дотор сэгсэрч орхино.

Жижигрэх үү, томрох уу?

Бид цагаан сараа ямар төсвөөр тэмдэглэж буйг бараа бүтээгдэхүүний үнийн ханшаар нэг тооцох гээд үзье.

Хонины дундаж ууц 150-200 мянган төгрөг. Хямдхан, жижигхэн санагдвал 250-400 мянган төгрөгөөр хойноос нь өөрөө харагдахгүй лут эд авч болно. Цаашдаа өснө үү гэхээс буурахгүй болов уу!

Харин өвчүү кг нь 650-6800 төгрөг байх жишээтэй. Дундаж хонины ууцны ханштай дүйцэх аж. Алиныг нь авч, хэрхэн нь таны мэдэх асуудал болохоор 150-400 мянган төгрөгөөр ууцны төсвийг батлав.

Том, жижиг бууз

Цагаан сарын үндсэн хоолны гол түүхий эд болох буузны мах бас л сонголттой. Хонины цул мах кг нь 5000-5800, ямааны цул 4000-4800, үхрийн цул 6500-7000 байх жишээтэй. Ойролцоогоор мянган бууз хийдэг ахмад настантай айл гэж тооцвол 100-140 мянган төгрөгөөр буузны махаа авах нь.

Харин буузны ус даадаг, сайн гэсэн “Хурх”, “Улаанбаатар”, “Алтантариа”-н ширхэгтэй дээд гурил 25 кг нь 32-34 мянга байна гэсэн үг. Амтлагч, сонгино, сармисын эс тооцвол буузанд 150-200 мянга орчим төгрөг зарцуулах нь.

Тавгаа яаж засахаас тооцоо өөрчлөгдөнө

Энэ жилийн ул боов тэр компанийнх сайн байгаа гэж адилхан үндэсний үйлдвэрлэгчдийн аль нэгийг нь онцлоод юу гэх вэ? Үнийн хувьд “Атар” боов 2000 төгрөг байх бол хамгийн “Түмэн наст”-ын хэвийн боов  3600-4600 төгрөг байх жишээтэй. Харин суурь еэвэн 20-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж буй юмсан. Дээр нь тавгаа чимэглэх ёотон, чихэрнээсээ хамаараад 10-30 мянган төгрөг нэмэгдэнэ.

Ингээд тооцвол 3-5 эгнээгээр 5-7 давхар таваг засна гэвэл 70-180 орчим мянган төгрөгөөр таваг засах нь. Эсвэл дан цагаан идээ, ааруулаар засна гэвэл 150-180 төгрөгөөр засаж бас нэг сонголт байна. Юу сайхан дур сайхан.

Салатны цэс

Баярын буузны хачир гэж бас нэг юм бий. Нийслэл гэж заншсан бидний нийтлэг хийдэг салат хийе гэвэл,

-Монгол төмс нэг кг 750-800 төгрөг,

-Хиам 7000-12000 төгрөг,

-Өргөст хэмх 4500-5000,

-Дарсан өргөст хэмх 1-3 кг нь 1800-9000 төг,

-Майонез кг 2300-4200 төгрөг,

-Өндөг 280-400 төгрөг

Энэ тооцоогоор бол 10 орчим кг төмсөөр салад хийлээ гэхэд 2 кг хиам, 20 ширхэг өндөг, 3 кг-ийн том шилтэй өргөст хэмх, майонез гээд багцаагаар тооцвол 40-60 мянган төгрөгөөр салат хийнэ гэж тооцлоо.

Архиа бага ууж, айргаа тааваар уу!

Далай ламынхаа сургаалыг дагавал айраг литр нь 3500-4000 мянган төгрөг байна. 20-30 литр айргаар тооцвол 100-120 мянган төгрөг болно гэсэн үг. Архины хувьд 10-40 мянган төгрөг аж, Үндэсний үйлдвэрийнх шүү. Идээний дээж гэдэг утгаар нь үнэтэйг нь сонгодог хойно 20 мянга орчим үнэтэй гурван шил архи зоолттой авна гэж тооцвол 60 мянгаас дээшээ болох нь. Айргаа ахиухан авсан гэж үзээд тооцвол шүү дээ. Ингээд ойролцоогоор 160-200 мянган төгрөгийг хангалттай зарцуулах нь. Дээр нь багачуудад өгөх ундаа, цайгаа сүлэх сүү энэ тэрийг өөрсдөө гаргах буй за.

Бэлэг хийгээд мөнгө

Бэлэг сэлтийн хувьд айл бүр л янз янз. Ямартай ч өнгөрсөн жилийн цагаан сарын өөрийн туршлагаас хандвал ямартай ч айлууд нэг хүнд 5000 төгрөгөөр доош өртөгтэй бэлэг өгөхөө байсан харагдсан. Энэ нь хамгийн бага жишиг бөгөөд үүгээр тооцвол ойролцоогоор 50 хүн орж ирэх айл билгэнд хамгийн багадаа 500 орчим мянгаас хэдэн саяар тоологдох төгрөг зарцуулах нь.  

Төсөв батлагдав

Ингээд зөвхөн дээрх зардлаар тооцвол нэг өрх 1-2 сая төгрөгийн өлхөн зарцуулах нь. Дээр нь унаа, шатахуун, золголтын аравт, хорьт гээд тооцвол талийх нь мэдээж. Багаар бодоход бид Монгол улсын 700 орчим мянган өрх нэг их наяд илүү мөнгийг цагаан сараар зарцуулдаг гэсэн үг.

Гэхдээ үүнийхээ төлөө олонх маань өрөнд ордог нь нууц биш. Тэр тоог гаргах боломжгүй болохоор ингэсгээд орхьё. Харин бид өрөнд орж, үрэлгэн цагаан сараас илүүтэй уламжлалаа дагаж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийн аль болох алдагдал багатайхан цагаан сарынхаа төсвийг зохицуулж, ураг төрлөө мэдэлцэн, ёс заншлаа өвлүүлэн үлдээх нь илүү ач холбогдолтой санагдана.

Тиймээс л идэж, уух, өмсөж зүүхдээ бус садан төрлөөрөө сайн, муугаа хэлэлцэн холыг ирээдүйг харж, хойч үедээ сургаал юугаа хайрлах ахмадынхаа үгийг сонсоход анхаарлаа хандуулбал яасан юм бэ, та минь!?

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна