“Монголын эмгэнэл болсон”

2016 оны 2 сарын 1

Монгол Улс хүний эрхийн чиглэлээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэрхэн ажилласан, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг хайх “Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил” хурал болж байна. Энэ үеэр Монгол Улсад нийтлэг оршсоор байгаа хүний эрхийн гурван зөрчлийг нэрлэлээ.

  1. Эрүүдэн шүүлт

  2. Хөдөлмөрлөх эрх /Төрийн албанд халаа сэлгээ их, хувийн байгууллагад ажил олгогчдын үзэмжээр шийддэг, ажлын байр, цалин хөлсний дарамт/

  3. Нийгмийн эмзэг бүлгийн эрх /Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл, ажлын байрны бэлгийн дарамт/

Эдгээр хүний эрхийн зөрчил Монгол Улсад оршсоор байна. Үүнийг дагаад хүний эрхийн шинэ төрлийн зөрчил нэмэгдэх хандлагатай болжээ. Жишээ нь ажлын байрны бэлгийн дарамт гэх ойлголт ил болж, шинээр бүртгэгдэх болсон байна.

Хүний эрхийн зөрчлийн бас нэгэн хэлбэр нь нэр төрийн асуудал. Ялангуяа сүүлийн жилүүдэд авлига, хээл хахууль, хар тамхи гэх мэтчилэн хэргээр иргэдийг нэр бүхий байгууллагад шалгахаар болдог. Энэ хугацаанд олон нийтэд мэдээлэл тардаг. Гэтэл буруугүйг нь тогтоосон тохиолдолд нэр төрийг нь сэргээх асуудал орхигддог байна. Энэ талаар ХҮЭК-ын дарга Ж.Бямбадоржоос тодрууллаа.

-АТГ-аас авлига, хар тамхи гэх мэтчилэн томоохон хэрэгт холбогдож шалгагдсан ч буруугүй нь тогтоогдсон тохиолдолд нэр төрийг нь сэргээх асуудал хэр байна вэ?

-Энэ бол Монгол Улсын бас нэгэн эмгэнэл болоод байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхийн шийдвэр гараагүйгээр хэнийг ч гэм буруутан гэж үзэхгүй” гэсэн тодорхой заалт бий. Тэгвэл шүүхийн шалгах ажиллагаанаас эхлээд нийгэмд тухайн хүнийг гэм буруутан гэх сэтгэлгээг бүрдүүлэх арга зарим мөрдөн байцаах албанд бий болж байна. Гэтэл эсрэгээрээ гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд чимээгүй болчихдог. Нөгөө иргэний хувьд ч тэр “Салсан нь их юм. Дахиж орооцолдоод яах вэ” гээд орхичихдог.

Угтаа бол гэм буруугүй нь тогтоогдсон бол нэр төр сэргээлгээд зогсохгүй, энэ хугацааны бүх хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалттай.

-Хохирлыг нь хэрхэн тооцож олгохоор заасан байдаг вэ?

-Хууль бусаар цагдан хоригдсон нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр тооцож өгөх учиртай.

-Нэр төрийг нь сэргээж, нөхөн олговор олгосон тохиолдол хэр байдаг вэ?

-Бий. Бид 500 гаруй хоног хууль бусаар хоригдсон эмэгтэйд 50 гаруй сая, сэтгэл санааны хохиролд 20 гаруй сая, нийлээд 84 сая төгрөгийг олгуулж байсан.

-Иргэд өөрсдөө нэр төрөө сэргээлгэхээр хэр ханддаг юм бэ?

-Их бага ханддаг. Иргэдийн хувьд дахиад хэл аманд орж, нэр төрөө улам сэвтээгээд яах вэ гэдэг. Мөн өнөөгийн зарим нөхцөл байдлаас ч үүддэг байх.

Жишээ дурдъя. Нэг иргэнтэй холбоотой хэрэгт эрүү үүсгэж шалгаад прокуророос гурван удаа хэрэгсэхгүй болгосон юм. Ингээд эцэст нь тухайн иргэн нэр төрөө сэргээлгэж, хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгохоор болсон байдаг. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиход прокурор дахин хэрэг үүсгэсэн тохиолдол бий. Ийм байдал түгээмэл байгаа учраас иргэд ч нэр төрөө сэргээлгэхээр хандах нь бага, эргээд ийм зөрчлүүд оршсоор байгаа юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна