Талбайн теннисний тамирчдыг бэлтгэж эхэллээ

2016 оны 2 сарын 1

Талбайн теннисний өсвөрийн тамирчдын дунд үнэ төлбөргүй сургалтыг Улаанбаатар дунд сургуулийн спортын зааланд явуулаад удаж байна. "Нээлттэй цохилт" клубээс 2015 оны зургаадугаар сараас энэхүү сургалтыг эхлүүлэн. Тэгвэл өдгөө уг сургалтад хамрагдсан 30 гаруй хүүхэд идэвхтэй хичээллэж, өсвөрийн шигшээ баг бүрдүүлэх хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал, 5-11 насны эдгээр хүүхдүүд "Алтан тариа", "МАХ" группийн нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртжээ. Тус сургалтын дасгалжуулагч багшаар талбайн теннисний олон улсын хэмжээний дасгалжуулагч, спортын мастер Б.Оюунболд ажиллаж байна.

"Нээлттэй цохилт" клубийн сургалтыг Улаанбаатар дунд сургуулийн спорт зааланд явуулдаг бөгөөд заалны түрээс, багшийн цалин зэрэг санхүүгийн асуудлыг "Эвсэг" ХХК-ийн зүгээс гаргадаг байна. Харин өсвөрийн тамирчдын бэлтгэлтэй тус компанийн удирдлагууд болон тамирчдын эцэг, эх өчигдөр/01.31/ танилцжээ. Энэ үеэр удирдлагууд хүүхдүүдийн гаргасан амжилтад бахархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тив, дэлхийд өрсөлдөх шилдэг тамирчдыг бэлтгэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад, Тайландад болсон талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлд Т.Дариа аваргалж, Монголын теннисчдээс анхны Азийн аварга цолыг эх орондоо авчраад байна. Түүний хувьд Канадад гэр бүлийнхээ хамт амьдардаг юм.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Э.ХАРЦАГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна