Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл нэг нас хүрлээ

2016 оны 2 сарын 1

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, ажил олгогч, судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн сүүлийн нэг жилийн туршид идэвхитэй ажилласан юм. 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэл мэдээллийн салбарынхан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах чуулганаа хийж, дүрмээ батлан, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа тунхагласан тэмдэглэлт үйл явдал болсон билээ.Энэ өдрөөс хойш Хэвлэл мэдээллийн зөвлөл үйл ажиллагаагаа амжилттай явуулж, одоогоор иргэдээс 10 гаруй гомдол хүлээн авч хэлэлцээд байна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгогоор сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ мөрдөж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй энэ байгууллага нь 2016 оны нэгдүгээр сар 28-ний өдөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.

Энэ өдрөөр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинэ соёлын давалгааг эхлүүлсэн санаачлагчидаа онцлон дурдаж, батламж гарууллаа.

Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын соёлыг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг санаачлагч байгууллагууд болох Монголын Хэвлэлийн хүрээлэн, Медиаконсул Монголиа клуб, Глоб интернэйшнлтөв ТББ, Ил тод сан ТББ, Хүйн радиогийн холбоо, Мэдээлэл холбооны чадавхийн хөгжлийн форум ТББ, МИДАС ТББ, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын Сайтын холбоо, news.mn, ikon.mn, gogo.mn, Mongol HD Телевиз, Mongolian Mining Journal, Парламентын Сэтгүүлчдийнхолбоо, Пресс клуб, МУБИС-ын Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль болон дэмжигч байгууллагууд болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, ХБНГУ-ын DW академи, Фредрих-Эвертийн сан зэрэг байгууллагууддаа баяр хүргэлээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна