ЗГ-ыг огцруулаагүй ч үр дүнтэй хуралдаан болсон гэв

2016 оны 2 сарын 1

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцээд огцруулахгүй байх шийдвэрийг олонхиороо гаргасан юм. Энэ асуудлын талаар тэд “Хэзээ нэгэн цагт Оюутолгойн асуудал Арбитрын шүүхэд очиход хуралдааны тэмдэглэл баримт болох нь гарцаагүй. Нөгөө талдаа энэхүү огцруулах асуудалтай холбоотойгоор ард түмэн Оюутолгойн талаар үнэн бодит мэдээлэлтэй болсон. Үр дүнтэй хуралдаан болсон” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга “Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг УИХ олонхиороо гаргах боломж байсан. Гагцхүү эрх баригч хүчин гишүүдээ тойргоор нь барьцаалсан, нөгөө талаас “Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан. Тийм учраас энэ Засгийн газар барьцаатайгаар ихээхэн хүнд нөхцөлд үлдсэн” гэж тодотголоо.

Түүнчлэн тэд төв банкны удирдлагыг огцруулах асуудлыг УИХ-д өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн ч УИХ-ын даргын зүгээс хэлэлцүүлэхгүй хав дарсан учраас энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад анхааруулга өгсөн байна. Хэрвээ асуудлыг хэлэлцэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах аж.

Төв банкны удирдлагын асуудлыг хөндөх болсон нь долларын ханш өсч, тэр хэрээр иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж буй аж. 2012 оны долдугаар сард төв банкны удирдлагыг сольж байхад доллар 1359 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2008 төгрөг болж өссөн. Мөн Г.Уянга гишүүний хэлж буйгаар төв банкныхантай холбогдох мөнгөний асуудлыг сөхөж тавьснаас болж тус банкинд ажиллаж байсан залуу хууль хяналтынханд байцаагдаж, буруутгагдах болсон. Түүнийг Г.Уянга гишүүнд мэдээлэл өгсөн гэж буруутгаж буй юм байна. Энэ асуудалтай холбоотойгоор Г.Уянга гишүүн прокурорт хандсанаар саяхан байцаалт өгчээ. Тэрээр энэ асуудалтай холбоотойгоор төв банкны удирдлагыг шалгах ёстой хэмээн үзэж Авлигатай тэмцэх газарт хандсан ч тус газрын зүгээс “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй хэрэг” гэсэн хариуг ирүүлсэн юм байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна