“Үзэсгэлэн”-гийн ууц 170-250 мянга

2016 оны 2 сарын 1

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.

Тухайлбал, энд өрөм, шар тос кг нь 10.000 төгрөг, зөөхий 8000 төгрөг, шимийн архи литр нь 5000 төгрөг, хуруу ааруул кг нь 8000 төгрөг, сүү литр нь 2300 төгрөг, хэвийн боов нэг ширхэг нь дунджаар 2300 төгрөг, есөн ширхэг нь 20.700 төгрөг, 15 ширхэг нь 34.500 төгрөг, суурь еэвэн тусдаа 3800-12.700 төгрөгийн үнэтэй байна. Харин ууц 170-250 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.

Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын  бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа аж.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна