Хүүхдүүдийг амьдаар нь шатаажээ

2016 оны 2 сарын 1

 

Исламын зэвсэгт Боко Харам бүлэглэл өнгөрсөн амралтын өдрөөр Нигерийн хойд хэсгийн тосгодод халдлага үйлдэж 86 хүний амийг хөнөөжээ. Халдлагын улмаас гэмтэж түлэгдсэн 62 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Зэвсэгт этгээдүүд шатаагч бөмбөг ашигласнаас гэм зэмгүй олон хүүхэд амьдаараа шатан орилж байсныг оршин суугчид ярьжээ. Боко Харамын дайчид Нигерийн зүүн хойд хэсгийн Далори тосгон болон ойролцоох хоёр дүрвэгсдийн хуаранд халдлага үйлдсэн аж. Таван цагийн турш үргэлжилсэн зэвсэгт халдлагын үеэр гурван эмэгтэй амиа золиослон тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Нигерийн цэргүүд ирсэн боловч илүү сайн зэвсэглэлтэй исламын дайчдын эсрэг хүчин мөхөсдсөн байна.  

 

Нигери дэх Барууны нөлөөллийг хориглож, исламын дэг жаягийг тогтоохын төлөөх Боко Харам бүлэглэл өмнө нь охидыг сургуульд сурахыг эсэргүүцэн 200 гаруй сурагч охиныг барьцаалан авч явсан юм. Боко Харам бүлэглэл Нигерид 2009 оноос хойш 20 мянга гаруй хүний амийг хөнөөж, 2.5 сая хүнийг орох оронгүй болгожээ. Тус бүлэглэл Ойрхи-Дорнодод хүчээ аваад буй Исламын улс бүлэглэлтэй нэгдсэнээ өнгөрсөн онд зарласан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TIME

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна