Жолооч нарт зөрчлийн оноог тооцож эхэллээ

2016 оны 2 сарын 1

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой өнөөдрөөс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлж байна. Жолооч нарт нийт 10 оноо байх бөгөөд дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн онооноос хасах болно. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар  жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой. Зам тээврийн ослын 80 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс, хурд хэтрүүлснээс, гүйцэт түрүүлснээс, гэрлэн дохио зөрчсөнөөс, явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс шалтгаалж гарсан байдаг байна. Иймээс осол гаргах, өртөх хамгийн аюултай 17 зөрчилд жолоочоос оноо хасаж эхлэхээр болжээ.

Зам тээврийн осол гаргах хамгийн их магадлалтай 17 зөрчлийг Замын цагдаагаас нэрлэж, жолооч нараас хасах оноог тодорхойлжээ. Үүнд:

  • Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;

  • Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;

  • Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;

  • Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;

  • Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;

  • Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;

  • Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,

  • Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1 оноо;

  • Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;

  • Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;

  • Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;

  • Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;

  • Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;

  • Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноог хасах юм байна.

Жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программыг "Интерактив IBI" компани боловсруулжээ.  Эхний ээлжид зөвхөн замын хөдөлгөөнд хяналт тавьж, зохицуулж буй цагдаа нар жолооч нарыг торгож, оноог хасна. Тусгай программ илүү боловсронгуй болж, ажиллавал цаашид жолооч нар зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтаа утсандаа тусгай апплэйкшн татаж харах, www.torguuli.mn сайтад хандаж авах боломжтой болно. Мөн жолооч нарын зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газрын аль нь хариуцан хянах вэ гэдэг ч тодорхой болох юм байна.   Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн  байна. Мөн зөвхөн оноо хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг ч дээрх хуульд тусгаж өгчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна