УИХ-ын 15 гишүүн хөрөнгөө мэдүүлжээ

2016 оны 2 сарын 1

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй.

Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40 мянган албан тушаалтнаас 2016 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт 25100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62,7 хувьтай байна. 

Харин Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас УИХ-ын гишүүн 15, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 18, Ерөнхий консул 5, Засгийн газрын агентлагийн дарга 14, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. 

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас өөрийн албан ёсны сайтдаа анхааруулжээ. 

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна