Нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ

Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуучлалын төв болгох зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлал, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 2015 оны 8  сард Хүй долоон худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадам юм. Өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг энэ жил  хэрхэн тэмдэглэх, наадмын хүрээнд урлаг, соёлын ямар үйл ажиллагаа болох талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “НИТХ-аас баталсан Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэл маш олон шинэлэг ажлуудыг санаачлан  зохион байгуулж байна. Энэ жил бид Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээж,  жуулчдад Монгол Ул­саа сур­талч­лах зорилгоор зохион байгуулсан энэхүү наадам нь бидэнд маш том үр дүн авчирсан”  гэлээ.  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмын үеэр монголчуудыг бахархах түүхтэй, гайхам соёлтой, жуулчлахад таатай, найрсаг хот болгон харуулах томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурахаас гадна анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулахаар болсон. Түүнчлэн үндэсний хөгжмийг орчин үеийн урлагтай хослуусан  этник мюзиклийг Чингисийн талбайд тоглоно. Хүй долоон худагт  хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын тэмцээнээс гадна бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад, голч нарын тэмцээн  зэргийг зохион байгуулна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг танилцуулсан нийслэлийн удирдлагуудын ил захидалыг бид иргэдэд өгнө. 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн үр дүнд “Улаанбаатар хотыг зорин ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өссөн” гэж онцлов.

Хүрээ цам-даншиг наадмын бөхийн барилдааныг төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрт барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулна. Өнгөрсөн жилийн Даншиг наадмаар барилдаж цол авсан бөхчүүд эхэлж учраа бөхөө сугалах байдлаар зохион байгуулна.

Тус наадамд барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр шагнах юм байна.  Тодруулбал: начин-15 сая, чимэгтэй начин-20 сая, заан -25 сая, чимэгтэй заан-30 сая, арслан -50 сая төгрөгийн шагналтай.  Өнгөрсөн жилийн даншигт түрүүлж арслан цол авсан бөх энэ жил дахин түрүүлбэл аварга цол, 60 сая төгрөгөөр шагнана.

Мөн бөхийн барилдааныг сонирхолтой болгох зорилгоор бөх сонирхогчид, үзэгчдийн дунд  бооцоо тавих, бөхийн таавар зэргийг зохион байгуулах юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж