Э.Гангаамаа: Хүндхэн сонголтоос Аконкагуа оргилд гарсан

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Э.Гангаамаа: Хүндхэн сонголтоос Аконкагуа оргилд гарсан

Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962/ уулын оргилд амжилттай авирсан Гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа. Түүний хувьд дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны Монгол эмэгтэй уулчин юм. Мөн уулчдын гарахыг хүсдэг тив тивийн оргил “Seven summit”-ын тавд нь гараад байна.

-Юуны өмнө Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа ууланд амжилттай авирсан таньд баяр хүргэе. Энэхүү авиралтынхаа талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Баярлалаа. Оны өмнөхөн буюу 2015 оны 12 дугаар сард би Өмнөд Америкийг зорих болсон талаараа мэдээлэл хийж байсан. Энэ удаагийн Аконкагуа уулын оргилд авирах зорилтоо хоёр жилийн өмнөөс гаргасан. Тэгээд энэ хугацаанд шаргуу бэлтгэж, 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа оргилд гарсан. Энэ удаагийн авиралт бол ихээхэн онцлогтой боллоо. Учир нь 2016 он Олимпийн жил. Бразилыг зорих баг тамирчдаа дэмжих зорилгоор энэхүү авиралтыг хийсэн. Энэ хүслээ биелүүлээд ирлээ. Миний хувьд Хонгконгийн эмэгтэй уулчин Уян Чоутой хамт авиралтаа хийх байсан. Харин тэр уулчин маань 5000 метрээс авиралтаа зогсоосон.

"Польшийн мөсөн гол" буюу хамгийн хүнд замаар авиралтаа хийнэ гэж төлөвлөсөн ч үнэхээр боломжгүй болсон. Аконкагуа оргил дайралт хийх боломжийг алдахыг хүсээгүй. Тиймээс ганцаараа энгийн замыг сонгож авиралтыг хийсэн. Буцаж байгаа уулчдыг харахад хэцүү байлаа хүсэл зорилгоо биелүүллээд ирлээ.

-Тэгэхээр таны хувьд том зорилгоо биелүүлжээ. Замаа хэрхэн сонгосон бэ? Мөн хамт авирах байсан Хонгконгийн уулчин үлдэх үед юу бодогдож байв?

-Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдал онцгой хүнд байсан. Уулын спорт сонирхогч мэргэжилтнүүд, судлаачид, тамирчид бүгд л цаг агаар таагүй байх үеийн авиралтыг ажиглаж байна. Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр шуурхай хүрч байна. Үнэхээр чадварлаг уулчид хүртэл оргилд хүрэлгүй бууж байгаа мэдээлэл ирээд байгаа. Би Аконкагуа оргилд анх "Польшийн мөсөн гол" буюу хамгийн хүнд замаар авиралтаа хийнэ гэж төлөвлөөд байсан. Гэтэл тэнд очоод байдал өөр болсон. Бид нэгдүгээр сарын 1-ний өдөр 1-р кэмп рүү нүүгээд маргааш нь 2-р кэмп рүү нүүх болсон. Тухайн үед хоёр өдөр дараалан ачаагаа өөрсдөө зөөх хэрэг гарсан. Цаг агаарын таагүй байдал улам ширүүсч 3-ны өдрөөс эхлэн цасан шуурга шуурч 13-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд дөрвөн өдөр нь цасан шуурга шуурч үлдсэн өдрүүдэд хүчтэй салхитай байлаа. Байдал ингээд хүнд болж ирсэн. Буцах хугацаа маань болчихсон тул нисэх хугацаагаа долоон хоногоор хойшлуулсан. Ингээд менежерийнхээ зөвлөсний дагуу энгийн зам буюу баталгаат авиралтын замыг сонгож, оролдлогыг хийсэн. Тэгээд хоёрдугаар кэмпээс замаа өөрчлөөд оргилд гарахын төлөө зүтгэсэн. Хонгконг эмэгтэй маань 5500-с доошоо буусан. Анхнаасаа хоёулаа хамт авирна гэж тооцоолж байсан болохоор ганцаараа үлдэх эвгүй байдаг юм билээ. Тэгээд зорьсон зорилгоо биелүүлэх гэж дээш явсан. 12-ны өдөр 6000 метрт очиж хоносон. Тэр шөнө маш хүчтэй салхитай их хүнд өнгөрсөн. Шөнөжин майхнаа барьж хоносон. Майхан задрах юм бол байдал улам хэцүү болно. Тэгээд 13-ны өглөө үүрийн 05 цаг 45 минутад дээш авирч эхэлсэн. Замдаа бусад уулчидтай нэгдсэн.

-Тэгэхээр таны энэ авиралт их хүнд болжээ?

-Үнэхээр хүнд байсан. 6200 метрт явахад том биетэй эрэгтэй хүн хүртэл хийсчих гээд байсан. Тэр хэсэгт 40-өөд уулчид явж байхад 10-аад буцсан. Олон уулчид хажуугаар зөрж өнгөрсөн. 6700 метр орчимд агуу байдаг. Тэр орчимд ирэхэд салхины эрч бага болж, цааш явахад гайгүй байсан. Ингээд 13-ны өдөр орон нутгийн цагаар 16.10 цагт/Аргентиний цагаар/ оргил дээр гарсан.

Миний хувьд 2010 онд анх Европ тивийн ноён оргил Эльбурс/5642 м/, 2011 онд Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /8850 м/, 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжарод /5895 м/ хүрсэн. Ингээд 2013, 2014 онд Хойд Америк тивийн ноён оргил Денали /6194 м/ ууланд авиралт хийсэн ч амжилтгүй болж байсан. 2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр багаараа Денали оргилд гарсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Өмнөд Америкийн Аконкагуагийн оргилд Төрийн далбаагаа мандууллаа. Хэдийгээр би сүүлийн таван жилийн хугацаанд таван тивийн оргилд гарсан ч энэ бол миний 25 жилийн минь хөдөлмөр юм.

-Таньтай хамт хичнээн уулчин Аконкагуагийн оргилд гарсан бэ?

-Анх 40-өөд хүн оргилд гарна гэж авиралтыг эхлүүлсэн ч 20-д энэ зорилгоо биелүүлсэн. Тэдэнд дунд би багтаж чадсан. 6200 метрт цааш явахыг хүсээгүй уулчид зөрөөд өнгөрөхдөө "дээшээ явах гэж байгаа юмуу" гэж асууж байсан. Би "тиймээ" гээд үлдсэн. Үнэхээр шантармаар үе байсан ч гэсэн сэтгэлд байгаа тэр хүслээ биелүүлэх нь чухал байлаа. Нөгөө тивд оччихоод оргилд гаралгүй буцна гэдэг бол миний хувьд үнэхээр хүнд болох байсан.

-Оргилд гарсан эсэхийг хэрхэн баталдаг вэ?

-Биднийг оргилд гарах үед салхины хурд нэмэгдсэн. Нэг мэдэхэд хамт гарсан хүмүүс маань доош бууж эхэлсэн. Миний хувьд ганцаараа явж байгаа учраас тэднээс хоцорч болохгүй. Нэг зураг аваад бичлэг хийчихээд доош буусан. Доош буухад биднийг шалгадаг. Бичлэг болон зургаа үзүүлж, баталгаажуулсан. Тэд ч баяр хүргэж, цаг агаарын ийм таагүй үед авиралтыг амжилттай хийлээ гэж байсан. Бидний авирдаг тэр өдрөөс өмнө Английн нэг уулчин хөтөчийн хамт гарсан байсан. Тэд 12-уулаа дээш гараад нэг нь л оргилд хүрсэн юм билээ. Аль ч тивийн оргил дээр онцгой хүйтэн байгааг нь мэдэгдэж байна. Маш өндөр зэрэглэлийн уулчид хүртэл замаасаа буцаж байгааг сонсохоор энэ жилийн авиралтууд их хүнд болж байгааг харуулж байна. Салхи, хүйтнээс болж буцаж байгаа уулчдын мэдээлэл их ирж байгаа. Үнэхээр тэвчээр шалгасан авиралт болсон.

-Таны хувьд 2013 онд анх Аконкагуагийн оргилыг зорьж байсан. Тэгвэл 2016 онд энэ хүслээ биелүүлж чадлаа шүү дээ?

-Тиймээ. 2013 онд Д.Эрдэнэтогтох, Ч.Тэрбиш, Л.Наран, Л.Гантулга нартай Аконкагуад авирсан боловч тодорхой шалтгаанаар оргилд хүрч чадаагүй. Тэр үед Д.Эрдэнэтогтох маань цааш авиралтаа үргэлжлүүлж, ганцаараа тус оргилд гарсан анхны Монгол эмэгтэй болж байсан. Харин энэ удаа миний бие “North face” брэндийн нүүр царай болсон Хонгконгийн уулчинтай хамт авирахаар төлөвлөж, оргилд гарлаа. Миний хувьд Аконкагуад мөрөө гаргасан Монголын долоо дахь уулчин боллоо. Мөн эмэгтэй уулчдаас дөрөв дэх нь болж байна.

-Таны хувьд сүүлийн таван жилд таван ноён оргилыг эзэлжээ. Амжилтуудаа эргэн сөхвөл?

-Уулчдын ганц мөрөөдөл бол “Seven summit”-ыг эзлэх хүслэн байдаг. Миний хувьд 2010 онд анх Европ тивийн ноён оргил Эльбурс/5642 м/, 2011 онд Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /8850 м/, 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжарод /5895 м/ хүрсэн. Ингээд 2013, 2014 онд Хойд Америк тивийн ноён оргил Денали /6194 м/ ууланд авиралт хийсэн ч амжилтгүй болж байсан. 2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр ОУХМ Д.Батжаргал, ОУХМ Д.Эрдэнэтогтох нартай хамт багаараа Денали оргилд гарсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Өмнөд Америкийн Аконкагуагийн оргилд Төрийн далбаагаа мандууллаа. Хэдийгээр би сүүлийн таван жилийн хугацаанд таван тивийн оргилд гарсан ч энэ бол миний 25 жилийн минь хөдөлмөр юм. Тиймээс цааш тив тивийн оргил “Seven summit”-ыг эзлэх зорилгоосоо буухгүй.

-Уулсын спортын мэдээлийг авахад хангалттай болжээ. Сүүлийн үед уулчдын талаар маш олон кино хийгдэж, мэдээлэл түгээгдэж байгаагаас харагдаж байна.?

-Энэ спорт бол үнэхээр эр зоригийн тэвчээр шаардсан хүн спорт. Эмэгтэй хүний хувьд энэ спортыг сонгосондоо харамсдаггүй. Өдийг хүртэл 20-иод жил энэ спортын төлөө зүтгэлээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, таван тивийн оргилд хүрлээ. Уулчдын эр зоригийн тухай олон кино гарч байна. Сошиал ертөнцөд мэдээлэл авахад амар болж.

-Мэдээж таны хувьд галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн гэсэн. Дараагийн авиралтаа хаана хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний хүсэл мөрөөдөл зогсоогүй. Дараагийн зургаа дахь тивийн оролдлого далайд хийнэ. Австралиас эхлээд олон арлууд байна. Гэтэл тэр арлуудын хамгийн өндөр цэг гэж бий. Энэ бол Индонезийн аралд байдаг Карстений перамид 4884 метрийн өндөртэй оргил юм. Энэ бол  “Seven summit”-ын нэг бөгөөд хадан уул. Тиймээс энэ оргилд авирахын тулд бэлтгэлийг өөр аргаар хийнэ. Сар шинийн дараагаас бэлтгэлээ хийж эхэлнэ. Энд маш их судалгаа хийгдэнэ. Яагаад гэхээр энэ оргилд Монголын уулчид гараагүй байгаа.

-Мэдээж ямар ч спортод спонсор чухал байдаг. Ялангуяа уулын спортын тамирчдын хувьд бол ивээн тэтгэгч нар чухал шүү дээ.

-Миний амжилт бол ганцхан надаас гараагүй. Энэ бол үнэхээр олон түмний ач тусаар болдог. Би энд маш олон компани, найз нөхөддөө талархаж байна. Байнга тусалж байдаг та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн 2016 оны Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжих зорилгоор Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962/ оргилд гарахаар тэмүүлсэн минь амжилттай боллоо. Хэдийгээр бэрхшээл их байсан ч төрийнхөө далбааг мандууллаа. Надад байнга тусалж байдаг та бүхэндээ баярлалаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж