Иргэдийн материалыг энэ сарын 15 хүртэл авна

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Иргэдийн материалыг энэ сарын 15 хүртэл авна

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг.

Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм.

Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Бүрдүүлэх материал нь анхны жил болон дараагийн жил гэж ялгагдан, харилцан адилгүй байдаг. Орон сууц болон байшин барьсан тохиолдолд тухайн зарцуулсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийн буцаан олгодог. Өөрөөр хэлбэл иргэд 70 сая төгрөгөөр байр худалдаж авсан ч хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувь буюу 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн үг юм. Ингэхдээ иргэн тайлан мэдүүлсэн жилд төлсөн татварынхаа хэмжээтэй тэнцэх төгрөгийг буцаан авдаг учир энэ мөнгийг нэг дор эсвэл хэд хэд хуваан авдаг.

Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхлэж төлбөрөө төлсөн бол буцаан олголт эдлэнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Жишээ нь, 1 сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг татвараас танд буцаан олгох аж.

Б.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж