Эрүүл, аюулгүй хүнсийг сонгоорой

2016 оны 2 сарын 1

Сэтгүүлч:
Улаанбаатар

Уламжлалт сар шинийн баяр дөхөж, монголчууд цагаан сартаа бэлтгэж эхэлсэн энэ үед баяртаа хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах зүйлсийг иргэд анхаараарай гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах,

  • Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн эсэх,

  • Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалан худалдаалж байгаа эсэх,

  • Өндөгний хальс нимгэрч өнгө нь өөрчлөгдөөгүй, хагарч цуураагүй, гадна тал нь бохирдсон эсэх,

  • Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх,

  • Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн, дарахад хонхолзож байгаа эсэх,

  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

Мөн худалдаж авсан бүтээгдэхүүнээ шошгон дээр заагдсан хэмд  зөв хадгалж, бэлтгэж хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Зөрчил илэрсэн тохиолдолд харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагуудад  мэдэгдэхийг зөвлөж байна.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бууз, банш, ул боовноос татгалзаарай

Монголд ямар ч баярын өмнө чанаргүй худалдаа, хулхи хямдрал газар авдаг. Энэ нь ялангуяа хүнсний бараа, бүтээгдэхүүн дээр тод харагддаг бөгөөд хүн бүхэн хүссэнээрээ “үйлдвэрлэгч” болж, баталгаагүй хоол, хүнсийг хяналтгүй борлуулах нь бараг зуршил болжээ.

Жишээ нь, сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд “Савласан бууз, хэвийн боов зарна, гэрт нь хүргэж өгнө” гэсэн зар хөвөрч байна. Хаана, ямар орчинд хийсэн нь тодорхойгүй, юуны мах болохыг нь мэдэх боломжгүй бууз, банш, ямар тосонд чанаж, хэзээ хийсэн нь эргэлзээтэй хэвийн боов хаа сайгүй таржээ.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй банш, бууз, ул боов тэргүүтнийг зарим зах, дэлгүүрүүдэд хямд үнээр борлуулж байгаа бол зарим нь хайрцаг, саванд хийн, албан байгууллагуудад санал болгож, гар дээрээс хууль бус худалдаа хийж байна. Гэтэл махны үнэ өссөн, цаг зав багатай зэргийн улмаас эдгээр тодорхойгүй бууз, баншийг худалдаж авах иргэд цөөнгүй бий. Энэ нь хамгийн аюултай юм.

Саяхан нэг худалдан авагч хонины гулууз мах авсан чинь дунд нь том чулуу чихээд жинлэсэн байсан. Буяндаа бузар хийсэн энэ мэт үйлдэл, хүний санаанд багтамгүй арга залийн золиос болсон хүмүүс энд тэндгүй байна. Гэтэл хэрэглэгч бид өөрсдөө мэдсээр байж Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангаагүй, хүмүүсийн ярих нь хонгилд хийдэг гэж харддаг бууз, банш, хэвийн боов авч, эрүүл мэнд, санхүүдээ хохирол учруулсаар байдаг аж.

Гэр бүл, зочин гийчдээ аюултай хүнсээр дайлах нь хор болох гэмтэй. Тиймээс монголчуудын хүндлэл, ёс заншлыг тээсэн, идээ ундаа элбэг дэлбэг, цэвэр ариун байхыг бэлгэдсэн сар шинийн баяраараа чанартай, баталгаатай хүнс хэрэглэхийг холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Айл бүхэн сар шинийн бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд махны үнэ өссөөр байгаа нь хэрэглэгчдийг бэлэн бууз, банш сонгоход хүргэж байж болох юм. Орчин үед цаг хугацаа, мөнгө хэмнэсэн сонголт хийх нь давуу талтай ч тэглээ гээд хямд, чанаргүйг сонгох бус баталгаатай үйлдвэрийн эрүүл ахуйн дээд зэргийн шаардлага хангасан бууз, банш худалдаж авах сонголт байгааг та санаарай.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна